Олимпын алтан медальт тамирчин дээрэмдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-08-15 10:54:17

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. Олимпын алтан медальт тамирчин Райн Лохте болон АНУ-ын усан сэлэлтийн гурван тамирчин Рио-Де-Жанейро хотод дээрэмдүүлжээ.

Лохте, Гуннар Бентц, Жек Конгер, Жимми Фейген нарыг зэвсэглэсэн цагдаа шиг хувцасласан хүмүүс зогсоож, мөнгө болон бусад хувийн хэрэглээний зүйлсийг нь шаардсан байна гэж АНУ-ын Олимпын хороо мэдэгдэв.

Харин Олон улсын олимпын хороо АНУ-ын Олимпын хороо мэдэгдэл хийхээс өмнө энэ дээрмийн хэргийг няцааж байсан байна.

АНУ-ын Олимпын хороо мэдэгдэлдээ, дөрвөн тамирчин дөрвүүлээ аюулгүй байгаа бөгөөд холбогдох албаны хүмүүстэй хамтран ажиллаж байна гэж мэдэгдэлдээ дурджээ.

Тус дөрвөн тамирчин Францын Олимпын баг тамирчдын үдэшлэгт оролцсоныхоо дараа тамирчдын хотхон руу буцах замдаа дээрэмчидтэй тааралджээ.

Райн Лохтегийн ээж энэ дээрмийн талаар “USA Today” сонинд мэдээлснээр энэ хэрэг бусдын анхаарлыг татаж эхэлсэн байна. Харин энэ талаар ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс мэдэгдэл хийхдээ, “энэ шал худал мэдээлэл” гэсэн байна.

Энэ хэргээс гадна Испанийн дарвуулт завины багийн гурван гишүүн болон Австралийн паралимпын тамирчинд буу тулгаж, дээрэмдсэн хэрэг гарчээ.

Бразилын эрх баригчид “Рио-2016” Олимпын наадмын үеэр 80 мянга гаруй цэрэг цагдааг хамгаалалтаар ажиллуулж байгаа билээ.

Д.Нямтулга

相关新闻