Цагдаагийн тасгуудад туулах чадвар сайтай автомашин олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд, Бууцагаан сумын Цагдаагийн тасгуудад туулах чадвар сайтай автомашиныг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.06.15/ гардуулан өглөө. Мөн Богд, Жаргалант сумдын Сум дундын цагдаагийн тасгийн шинэ барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, эдүгээ суурийг нь тавьж эхлүүлээд байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянхонгор аймагт ажиллах үеэрээ аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг сонссон. Улмаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүсэлт тавьж дээрх асуудлуудыг шийдвэрлэж байгаа аж.
Энэхүү ажил нь аймгийнхаа хууль сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, амар тайван орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит хөрөнгө оруулалт болж байна.
УИХ-ын дарга хэлэхдээ, "Баянхонгор аймаг гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гаралт сүүлийн жилүүдэд буурч байгаад талархаж байна. Цагдаагийн байгууллагын албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хариуцлагатай агаад амаргүй албыг нэр төртэй гүйцэтгэж байгаа"-г үнэллээ.

