Арц суурийн боомтоор шатахуун оруулж ирэх асуудлаар ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-04 14:30:04

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг ОХУ-тай геологи болон барилгын инженерийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх гэхчлэн хэд хэдэн асуудлаар хамтран ажиллана.

Өнгөрсөн долоо хоногт тус аймагт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.В.Соленков, хоёрдугаар нарийн бичгийн дарга А.С.Акулова нар айлчилсан. Айлчлалын хүрээнд аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцсов.

Тухайлбал, хилийн орчмын бүс нутгуудад ойн хөнөөлт хортон шавжийн судалгаа хийж мэдээлэл солилцох, хортон шавжийг цаг алдалгүй устгах, хил нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарч хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн бүс нутгийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, хамтарсан дадлага сургуулилалт хийж цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэл солилцох. Геологи болон Барилгын инженерийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрт Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдыг хамруулах. Тэс сумын нутаг, Арц суурийн боомтоор шатахуун оруулж ирэх зэрэг асуудлаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.

Мөн уулзалтын үеэр хилийн боомтоор бусдын тээврийн хэрэгслийг жолоодон нэвтэрч байгаа итгэмжлэх бичгийг ОХУ-ын талаас орос хэлээр бичсэн байх шаардлага тавьдаг. Нийслэл хот, аймаг сумаас монгол хэлээр үйлдэгдсэн итгэмжлэх бичгийг хүлээн авахгүй хүндрэл тулгардаг асуудлаар санал солилцож, монгол хэлээрх итгэмжлэх бичгийг хүчин төгөлдөр гэж үзэн харилцан нэвтрүүлэхээр боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

相关新闻