Монгол, Энэхтэгийн хооронд энэ зунаас шууд нислэг үйлдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл, хамтын ажиллагаа энэ онд ахицтай, ололт амжилтаар дүүрэн байна гэдгийг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх онцолж байна. Тэрээр, “Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэгт оролцож хэлэхдээ, тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээлэл харилцаа, холбооны технологи, аутсорсингийн сургалтын болон кибер аюулгүй байдлын сургалтын төвийг Монголд тус тус барьж эхэлж байгааг тэмдэглэж байв.
“Бидний хамтын ажиллагаа, стратеги түншлэлийн чухал тулгын чулуу нь газрын тос боловсруулах үйлдвэр юм” гэдгийг тэрээр онцолж, Энэтхэг улсын 1.3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжин хэрэгжиж буй энэ үйлдвэр баригдсанаар Монгол Улсын эрчим хүчний бие даасан, хараат бус байдал бий болох чухал ач холбогдолтой. Энэ нь дан ганц газрын тос боловсруулах үйлдвэр бус, Монголд химийн үйлдвэрлэл хөгжих эхлэлийг тавьж буйгаар чухал” хэмээн онцлов. Технологийн хувьд Энэтхэг улс мэдээлэл-технологиор дэлхийд тэргүүлэгч орны нэг. Тиймээс энэ чиглэлд хоёр тал хамтран ажилласнаар Монгол Улс IT-ээр дунд болон бага хэмжээний үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болно.
Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Мэдээлэл харилцаа, холбооны технологи, аутсорсингийн сургалтын төв байгуулж байна. Мөн англи хэлний мянган багш бэлдэнэ.
Удахгүй Монголын иргэний
агаарын тээврийн “Хүннү Эйр” компани хамтраад 6-7 дугаар сараас шууд нислэг
хийхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд хооронд харилцан зорчих, ажил албаны
үйл ажиллагаа өрнөж аялал жуулчлал хөгжих, бидний нийтлэг өв болох буддын шашин
болон боловсрол, мэдээллийн технологи гэсэн олон салбар чиглэлээр шууд харилцах
боломжтой болно.
Монголд IT-ийн чиглэлээр Энэтхэг улсын Засгийн газрын 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Мэдээлэл харилцаа, холбооны технологи, аутсорсингийн сургалтын төвийг ШУТИС-ийн харьяанд байгуулахаар барилгын ажил эхлээд байна. Энд 16 чиглэлээр монгол залуучуудыг сургаж төгсгөх юм. Түүнчлэн БХЯ дээр кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулна. Мөн Монголын мянган багшийг англи хэлээр Монголд болон Энэтхэгт сургах төслийг эхлүүлээд байна.
Түүнчлэн хоёр улс кино үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж байгааг уулзалтын үеэр хөндөж байлаа. Хоёр орны хооронд шууд нислэг хийж эхэлснээр кино зураг авалт хийх, кино жүжигчид харилцан айлчлах зэргээр энэ салбарт хамтын ажиллагаа өрнөж, ингэснээр Энэтхэгээс Монголд, Монголоос Энэтхэг рүү чиглэсэн аялал жуулчлал дагаж хөгжих нөхцөл бүрдэнэ гэж Энэтхэгийн тал үзэж байгаагаа илэрхийлсэн.
“Монгол-Энэтхэгийн
худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэгт
БНЭУ-ын ЭСЯ-ны Тамгын газрын дарга Санжийв Кумар, Монгол Улсаас БНЭУ-д суух Элчин сайд асан Ж.Ганболд, МҮХАҮТ-ын удирдлага, Энэтхэг Монголын бизнесийн
зөвлөл, Энэтхэгээс бараа импортлогч ААН-үүдийн
болон сонирхсон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөлөл 100 гаруй хүн оролцов.
Тодруулга: Монгол
Улсаас өнгөрсөн онд
БНЭУ-д мал амьтны самнасан үс, хялгас 1600 кг буюу 170 мянга орчим ам.доллар,
үхэр, адууны боловсруулсан шир 60 гаруй мянган ам.доллар, механик болон гар багаж, суурь машинд зориулсан сольдог багаж 40 мянга гаруй
ам.долларын бүтээгдэхүүнийг тус тус экспортолжээ.
БНЭУ-аас Монгол руу 22.4 тонн, 15.6 сая орчим ам.долларын эм, 11.3 сая ам.долларын үнийн дүн бүхий элчин чихэр, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат, дамжуулгын бул, холхивч зэрэг техник, тоног төхөөрөмж, төмрийн хайлш болон ачааны автомашин импортолжээ.