Сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх арга зүйд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн бүх сум, багуудын болон Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд “Сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх арга зүй олгох” мэдлэг мэдээллээ дээшлүүлж байна. Тус сургалтыг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сургуулийн болон сум, багийн хамтарсан багийн гишүүд болох нийгмийн ажилтнуудын ажиллах нөхцөл бололцоог сайжруулж, ур чадварыг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Уг ажлын хүрээнд 2021 онд Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт "Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө"-г стандартын дагуу тохижуулж ашиглалтад оруулсан бол 2022 онд Эрдэнэмандал 2, Есөнбулаг 9 дүгээр багт "Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө"-г байгуулахаар нийт 10 сая төгрөг төсөвлөн Баянхонгор сумын Засаг даргатай гэрээ байгуулж эхний санхүүжилтийг олгоод байна.
Түүнээс гадна гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхэд, эмэгтэйчүүдтэй өдөр тутамдаа уулзаж тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж буй дээрх ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь чухал байгааг албаныхан хэлсэн.
Нийгмийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, сурган чадавхжуулж байж иргэдэд илүү чанар, хүртээмжтэй үйлчилгээ хүрч, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн гарна гэдгийг талууд онцолж байна.