Санхүүгийн залиланд өртөхгүй байхыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Сүүлийн
жилүүдэд иргэдийн санхүүгийн боловсрол дутмаг байдлаас болж санхүүгийн залиланд
өртөх эрсдэл үүсээд байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооны Завхан аймаг
дахь төлөөлөгч мэдээлэв.
Тодруулбал, иргэдийн дунд богино хугацаанд их хэмжээний ашиг олох, өгөөж хүртэх гэсэн сэдэлд тулгуурласан эрсдэлгүй өндөр ашиг хүртэх хөрөнгө оруулалтыг амласан санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизмууд бий болжээ. Энэ нь нийгмийг хамарсан, иргэдийг хохироох асуудлуудыг олноор гаргаад буй.
Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум байсан бол 2017 онд 6,4 тэрбум, 2018 онд 9,9 тэрбум, 2019 онд энэ тоо 13 тэрбумд хүрчээ. Жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү луйврын арга хэлбэр нь өдрөөс өдөрт өргөжин тэлж арга зам нь нарийсаж байгааг анхаарах хэрэгтэй болоод байна. Тухайлбал Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК нь 2021 оноос эхлэн богино хугацаанд ихээхэн хэмжээний ашиг олох боломжийг амлах замаар орон нутгийн иргэдээс санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх зэргээр иргэдийг хохироох бодит эрсдэл бий болгосон гэж үзэн төрийн байгууллагын зүгээс таслан зогсоохоор ажиллаж байна. Гэвч дээрх нөхцөл байдлыг орон нутагт бий болгох сонирхолтой иргэн, хуулийн этгээдүүд байгаа тул та бүхнийг ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв дээрх төрлийн саналуудыг хэн нэгэн танд фэйсбүүкийн чатаар болон утсаар санал болгосон бол Санхүүгийн зохицуулах хорооны орон нутаг дахь төлөөлөгчийн 80082525, 99129202 утсаар холбоо барихыг зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт болсон дээрх үйл ажиллагааны тухай зарыг тодорхойгүй хаягаас цахим орчинд байршуулаад байгаа тохиолдлууд гарсан. Олон нийтийг хамарсан, хохирсон гэсэн гомдлууд одоогоор ирээгүй байгаа. Мэдлэг, мэдээлэлтэй хүн залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бага байдаг. Тийм учраас аливаа санхүүгийн санал, үйл ажиллагааны талаар баталгаатай эх сурвалжуудаас мэдээлэл авч шийдвэрээ гаргаж байхыг анхааруулж байна гэв.