Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэрэг өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт цахим орчинд
үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоотой гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх талаар аймгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар залилах гэмт хэрэг 14 бүртгэгдэн шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 10 нэгжээр өссөн дүнтэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх нь цахим орчинд бага хүүтэй, урьдчилгаа багатай зээл олгоно. Мөн гэр ахуйн тавилга, эд материал зарна, орон нутгийн унаанд дайна гэх зэргээр урьдчилгаа төлбөр, хүү авах хэлбэрээр иргэдийг хохироожээ. Сүүлийн гурван жил цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг маш ихээр нэмэгдсэн. Цахим гэмт хэрэг, цахим орчинд үйлдэгддэг гэмт хэрэг гэж байна. энэ нь тус тусдаа ойлголт юм.
Цахим гэмт хэрэг
гэдэг нь тухайн байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд
хууль бусаар халдах, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх, хортой программ
бүтээж түүнийгээ тараах. Захидал харилцааны нууцад халдах зэргийг цахим гэмт
хэрэг гэж үзнэ. Харин цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг бол цахим орчныг
ашиглаж хүнийг гүтгэх, доромжлох, гэмт хэрэгт өдөөн турхирна. Садар самууныг
сурталчилна, оюуны өмчийг хулгайлна, бусдыг залилан мэхэлнэ. Далайлган
сүрдүүлж, заналхийлэхийг хэлж байгаа юм. Гэмт этгээд иргэдийн фэйсбүүк рүү
хууль бусаар нэвтэрнэ. Хаягаар нь дамжаад тухайн хүний фэйсбүүкийн чат руу орж,
найз нөхөд рүү нь “Надад маш хүнд асуудал тохиолдлоо. Яаралтай асуудал
тулгарлаа. Санхүүгийн яаралтай туслалцаа үзүүлээч. Мөнгө өгнө үү. Тодорхой
хугацааны дараа шилжүүлчихье” гэдэг. Тэгээд дансны дугаараа явуулдаг. Ихэнх
тохиолдолд иргэд тэрхүү мэдээллийг харж, банкны төлбөр тооцоог хийхэд амар
хялбар болсон учраас гар утсаараа түргэн хугацаанд шилжүүлчихдэг. Тодорхой
хугацааны дараа мөнгө өгсөн хүн найз руугаа “Би чамд мөнгө зээлдүүлсэн. Нөгөө
мөнгөө өгөх болоогүй юу” гэдэг. Тэгэхээр хариуд нь “Юу яриад байгаа юм бэ. Би
чамаас мөнгө нэхэж аваагүй” гэнэ. Ингээд юу болов, яав гэж гайхацгаана. Иргэд фэйсбүүк
рүүгээ орохоор өөрийнх нь өмнөөс бусадтай харилцаад залилан мэхэлснийг сайн
мэддэггүй. Ийм гэмт хэргүүд ихээр бүртгэгддэг.
Ямар нэг
мэдээлэл авахдаа албан ёсны сайт, сонин сэтгүүлийг ашиглах хэрэгтэй
Өнөөдөр фэйсбүүк хэрэглээ өндөр
байна. Хоёрдугаарт, фэйсбүүкээр дамжуулан гэмт этгээдүүдийн фишинг сайт буюу
тодорхой сайтуудыг хуулбарлах, төсөөтэй маягаар хийх байдал ихэссэн. Тэд төрийн
аливаа нэг арилжааны банк, мэдээллийн сайтад олон нийтийн анхаарлыг татсан
мэдээллийг тавьдаг. “Та энэ мэдээллийг хэрвээ сонирхмоор байвал, тухайн үйл
явдлын талаарх видеог үзмээр байвал доорх линк, хаяг руу орно уу” гэдэг. Иргэд
ихэнхдээ тэр линк рүү нь орчихдог. Орохоор “Фэйсбүүкийн паспортоо бичнэ үү”
гэдэг. Ингээд биччихдэг. Үүнийг хуурамч сайт буюу фишинг сайт гэж нэрлэдэг.
Хуурамч сайтад паспортоо бичээд явуулчихаар программыг хадгалж, өөр хүн рүү
илгээнэ. Тэгэхээр иргэд фэйсбүүк рүүгээ нэвтрүүлэх бүрэн боломжийг олгочихдог
гэсэн үг. Тэгэхлээр интернэт орчинд хэрэглэгчийг хөтөлж, өөр линк рүү оруулж
буй тухайн холбоосууд руу огтхон ч дарах шаардлагагүй. Ямар нэг мэдээлэл
авахдаа албан ёсны сайт, сонин сэтгүүлийг ашиглах хэрэгтэй. Тухайн мэдээллийн
сайтын апплейкшнийг ашиглаж, мэдээллийг авах нь иргэдэд эрсдэл багатай.
Тэгэхгүй бол хувийн цахим хаягаа ашиглаж маш олон төрлийн сайтууд руу орох нь
буцаагаад өөрийнх нь мэдээллийн аюулгүй байдлыг асар их алдагдуулах эрсдэлтэй.
Иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх
ажлыг хийвэл хохирох эрсдэлийг бууруулдаг
Өнөөдөр фэйсбүүк хэрэглэгч өөрөө
фэйсбүүкийн цахим хаягийнхаа паспортоо алдсанаар бусад мэйл, харилцаа холбоо,
сүлжээнийхээ мэдээллийг алдах эрсдэлийг үүсгэдэг.Тиймээс хүн бүр фэйсбүүк болон
мэйлийнхээ паспортыг тодорхой хугацаанд сольж хэвших хэрэгтэй. Магадгүй тухайн
хэрэглэгч долоо хоногийн өмнө нэг сайт руу ороод өөрийнхөө фэйсбүүкийн нууц
кодоо бусдад алдаж, фишинг сайт руу орж алдсан байж болно. Гэхдээ долоо
хоногийн дотор ямар нэг халдлага болоогүй бол паспортоо сольж амжвал цахим хаяг
руу орох боломжгүй болно. Орох эрхийг нь хязгаарлана гэсэн үг. Яг программ
хангамжийн түвшинд интернэтэд байршчихсан фэйсбүүк эсвэл gmail ч юм уу, албан
ёсны сайтуудын паспортыг эвдэж орох боломж бага байдаг. Мөн энэ гэмт хэрэг
үйлдэгдчихсэн тохиолдолд хохирогч мөнгөө олох гэж явахад маш их хугацаа
шаарддаг. Харин иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх ажлыг хийвэл хэрэглэгчийн
хохирох эрсдэлийг бууруулж, багасгана. Түүнчлэн цахим орчин дахь бас нэг том
эрсдэл бол садар самууныг сурталчлах асуудал байна. Ялангуяа өсвөр насны
хүүхдүүд нэмэх 21, нэмэх 18 гэсэн олон групп нээсэн байдаг. Ингээд биеэ үнэлнэ,
эсвэл ямар нэг үйл ажиллагаанд оролцож байна. Интернэт орчин фэйсбүүк өөрөө нэг
компанийн өмч шүү дээ. Ямар нэг хаах, блоклох үйл ажиллагаа явагдана. Гэхдээ
дан хойноос нь хөөж, явдаг учраас ямар нэг асуудал гарах ч юм уу, ноцтой
тохиолдолд хаана. Шууд хүний эрхэнд халдаж хаана гэж байхгүй. Тиймээс иргэд
маань өөрсдөө сонор сэрэмжтэй байх нь чухал юм гэж аймгийн Цагдаагийн газраас
сануулж байна.