Аймгийн Боловсролын салбарт “Цахим систем”-ийг бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсад орчин
цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг Төв аймаг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ үеэр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар үйл ажиллагааг
нээж үг хэлэхдээ: "Төв аймаг боловсролыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийг тухайн цаг үеийнхээ нийгмийн хэрэгцээ шаардлага, онцлогт нийцүүлэн боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн бөгөөд өдгөө бодлогын залгамж халааг ханган, 2017-2024 онд хэрэгжүүлэх “Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулах”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Оюунлаг Төв аймаг” дэд хөтөлбөрүүд, “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг сайжруулъя” аяныг боловсруулан хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрч байна.
Дээрх бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн нийт 64.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийж, ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг 3320 суудлаар нэмэгдүүллээ. Сургалтын чанарыг сайжруулах, улсын төрөлжсөн олимпиад, Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүн, амжилтыг ахиулах зорилгоор “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяныг 5 жил тасралтгүй зохион байгуулж, “Багш сурагчдыг шагнаж урамшуулах болзол”-ыг шинэчлэн, Аймгийн шилдэг багш нарын бүрэлдэхүүнтэй “Зөвлөх баг” ажиллуулсны үр дүнд улсын олимпиадаас 2017-2019 онд 11 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 23 медаль хүртсэн бөгөөд амжилт гаргасан багш сурагчдыг 30.6 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Мөн сүүлийн хоёр жил дараалан Элсэлтийн ерөнхий шалгалттай 10 хичээлээс 8 хичээлээр улсын дунджийг хангасан амжилт гаргасан бөгөөд энэ жил масс нийт сурагчдаа амжилттай бэлтгэсэн 9 багш тус бүрийг 1.0 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Мөн аймгийн Засаг даргын ивээл дор “Математикч сургууль хамт олон” болзолт уралдаан, “Математикийн олимпиад”-ыг жил бүр зохион байгуулж, шалгарсан хамт олон, багш, сурагчдыг 27.0 сая төгрөгөөр урамшууллаа.
Төв аймгийн боловсролын салбар 2021-2022 оны хичээлийн жилийг “Англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх жил” болголоо.Цаашид бид судлагдахууны сургалтын чанарыг жигд сайжруулах зорилгоор гадаад хэлний сургалтын чанарыг сайжруулах, бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүрийн төдийгүй анги бүрийн агуулгыг хугацаанд нь, хоцрогдолгүй бүрэн эзэмшүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах чиглэл баримтлан ажиллаж байна.
Сурагчдын хичээл сурлагын хоцрогдлыг арилгах, суралцахуйг дэмжихэд талуудын үүрэг оролцоо, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоо чухал бөгөөд орон нутаг, сургуулийн түвшинд цахим болон танхимын хосолсон сургалтын орчин, арга зүйг дэмжиж, хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй энэ цаг үед аймгийн боловсролын салбарт “Цахим систем”-ийг бий болгохоор бэлтгэл ажлаа хангасан байна.