Монгол оронд ургамлын аймгийн 7 мянга гаруй зүйл бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-12-23 14:07:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын энэ сарын 16-ны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийг баталсан нь Монгол Улс олон улсын хэлэлцээр, протоколд нэгдэн орсон үүргээ биелүүлж байгааг БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Уранчимэг онцоллоо.


Манай оронд одоогоор ургамлын аймгийн 7 мянга гаруй зүйлийг бүртгээд байгаа.


Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэн бүхий генетик нөөц, тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах аж.


Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон зэрлэг ургамал, түүний гаралтай эм, гоо сайхны болон хөдөө аж ахуй, хүнсэнд хэрэглэж буй бүтээгдэхүүний биохимийн нэгдлийг судалж зах зээлд нийлүүлж байгаагаараа үр өгөөжтэй баялгийг бид олон улсад алдаж ашиглуулж байгаа. Иймд байгалийн нөөц баялгийг зөв ашиглах, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэж хамгаалснаараа Монголд ховордож буй ургамлын генетик нөөцийг олон улсад биологийн бүтээгдэхүүн болгож ашиглахад хуулийн зохицуулалт чухлыг Ц.Уранцэцэг тэмдэглэсэн юм.


Тэрбээр, цааш нь ярихдаа, “Генетик нөөц нь байгалийн нөөцөөс ялгаатай. Байгалийн ургамалд агуулагдаж буй биохимийн нэгдэл үйл явцыг судалж ашиглах нь генетик нөөц юм. Манай орны айраг, тараг, сүү зэрэг нь биохимийн нэгдлээр ялгарч, ургаж буй ургамал, түүгээр хооллодог амьтад өвөрмөц генетикийг бий болгодог. Бид байгалийн гаралтай гоо сайхны 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Монгол орны зэрлэг ургамлаар хийсэн бүтээгдэхүүн хавдрын эсрэг, дархлаа, чихрийн шижингийн өвчнийг анагаахад тустайг олон улсад бүртгээд байгаа. Тухайлбал, цар тахлын үед хунчирыг ашиглаж байна. Эрт үеэс хунчирыг буцалгаж уун, шарх сорви эдгээхэд ашиглаж байсан бол өнөөдөр бүтээгдэхүүн болгож байгаа нь генетик нөөц юм. Монголд биотехнологийн шинжлэх ухаан хөгжөөгүй учир зөвхөн биологийн нөөцөөр нь гаргадаг. Манай нөөцийг ашиглан, эм тариа үйлдвэрлэж зардаг. Генетик нөөцийн хуулиар энэ харилцааг эдийн засгийн эргэлтэд оруулж зохицуулна гэсэн үг” хэмээв

相关新闻