Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-21 15:50:26

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оноос 64.5 хувиар өссөн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид нь 2272.2 сая төгрөгийн үйлдвэрлэл эрхэлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгж нь аймагтаа хэрэгцээт уул уурхай, хүчний байгууллага, бүх салбарын төрөл бүрийн ажлын хувцас, дүрэмт хувцаснуудыг үйлдвэрлэж байна. Оёмол бүтээгдэхүүнийг өмнөх онтой харьцуулахад 1464.9 сая төгрөгөөр буюу 64.5 хувиар өссөн байна. 2010-2016 онуудад оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл жигд өсөж 2019 онд хоёр дахин буурч 2020, 2021 онуудад 56-64.5 хувиар өссөн байна гэв.

Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 180 гаруй хүн ажиллаж байна

Завхан аймагт оёдлын салбар нь харьцангуй бага хөрөнгө оруулалтаар олон хүний ажлын байр бий болгож ажиллагсдын 90 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Өнөөдөр аймгийн хэмжээнд оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт давхардсан тоогоор 180 гаруй хүн идэвхтэй ажиллаж байна. Зөөлөн оёдол, ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг шингээж үйлдвэрлэлийг явуулдаг. Түүхий эдийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, онцлог, чухал салбар юм. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдийн ажил, мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээн уралдааныг тогтмолжуулсан. Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 54 хувь нь хөнгөлөлттэй зээл төсөл хөтөлбөрт хамрагджээ. Мөн оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоогоор дамжуулан ур чадвараа дээшлүүлэх таван удаагийн сургалтыг зохион байгуулжээ. Мөн сайн туршлагаа нэвтрүүлэх, бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн худалдааг аймагтаа болон улсын хэмжээнд гурван удаа гаргажээ.

Оёдолчид сургалтаас сурсан мэдсэнээ өргөжүүлж байна

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран 2020, 2021 онуудад нийт таван удаагийн оёдлын сургалтыг малчин эмэгтэйчүүд болон, өрхийн үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой ажилгүй эмэгтэйчүүдэд зориулан хийгээд байна гэж Завхан аймгийн Оёдлын холбооноос мэдээлэв.

Энэ сургалтаар гарын доорх материалаар үндэсний болон европ хувцас хийх, эсгүүр, гар урлалын хичээлүүдийг заасан. Мөн Улаанбаатар хотод болсон ахисан шатны сургалтад 9 эмэгтэй, нэг эрэгтэй малчин хамрагдаж “Үргэлж Залуу Mongolian fashion brand” урлангийн  багш нар сургалтыг удирдан явуулсан. Суралцагчид долоо хоногийн хугацаанд монгол болон европ хувцасны үндсэн суурь зохион бүтээлт хийж сурах. Гадуур хувцас, юбка, өмдний эсгүүр хийж сурах гэхчлэн мэргэжлийн оёдолчны анхан шатны болон дунд шатны мэдлэгүүдийг сурч авсан байна. Эдгээр сургалтуудад хамрагдсан оёдолчид маань орон нутагтаа тогтвортой үйлдвэрлэл явуулж, мөн олон малчин эмэгтэйчүүдэд сурсан мэдсэнээ зааж хамтран үйлдвэрлэл явуулж байна гэв.

Завхан аймгийн Улиастай сумын “Цогц гоёл” оёдлын цехийн эрхлэгч А.Чимидцогзол: Таван эмэгтэйг байнгын ажлын байраар хангасан

-Миний хувьд, Улиастай, Тосонцэнгэл суманд “Цогц гоёл” оёдлын цехийг ажиллуулдаг. Оёдлын цуврал сургалтад хамрагдах гол шалтгаан бол, мэргэжлээ дээшлүүлж, мэдэхгүйгээ мэдэж авах чин хүсэл байлаа. Үнэхээр чадварлаг багш нар, чанартай сургалтын үр дүнд европ хувцсыг орчин үеийн дизайнаар гоёл чимэглэл бүхий дэгжин сайхнаар урлаж сурлаа. Хамгийн гол зүйл бол, орчин үеийн хувцасны чиг хандлага ямар төвшинд байгаа юм бэ гэдэг талаар мэдэж авсан. Энэ нь цаашдаа цехээ өргөжүүлэх, илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, бизнесээ тэлэхэд маш ач холбогдолтой сургалт болсон. Манай цех гэхэд нэг суманд таван эмэгтэйг байнгын ажлын байраар хангаж, цалинжуулан ажиллаж байгаа. Зөвхөн өөрөө сурч мэдээд зогсохгүй нутагтаа очоод сурсан мэдсэнээ малчин эмэгтэйчүүд болон ажилгүй гэртээ суудаг эмэгтэйчүүдэд хуваалцаж зааж сургах сургалтуудыг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар нийт 37 эмэгтэйд оёдлын анхан шатны технологи, эсгүүрийг зааж өгсөн. Эдгээр эмэгтэйчүүд маань гэрээрээ захиалга авч, монгол, европ хувцасыг урлаж өөрсдийн өрхийн амьжиргаагаа дээшлүүлж байгаа нь амжилт юм.  

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ц.Балдорж:

-Миний хувьд мал зүйч мэргэжилтэй боловч 25 жилийн турш аймгийн Онцгой байдлын албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад оёдлын чиглэлийн үйл ажиллагаа явуулъя гэж шийдээд цуврал сургалтуудад хамрагдсан. Сургалт хэдий богино хугацаанд байсан хэдий ч зүү, утас нийлүүлж үзээгүй шахам байсан би гэхэд монгол цамц, дээлийг өөрөө эсгэж, оёж чаддаг боллоо. Бас  товч шилбэ зангидах, төрөл бүрийн чимэглэлээр донжийг нь тааруулж хувцсаа гоёх анхны мэдэгдэхүүнтэй болсон. Түүнчлэн хүний биеэс хэмжээ авах, зохион бүтээлтийн техник ажиллагаануудын талаар ерөнхий мэдлэгтэй боллоо. Маш үр дүнтэй сайхан сургалтад хамруулсан Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон аймгийн оёдолчдын холбооны хамт олонд талархал илэрхийлье. Өнөөдөр сургалтад сууж сурсан мэдсэнээ ажил хэрэг болгож өрхийн үйлдвэрлэл явуулж байна. Түүнчлэн өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх сонирхолтой малчин эмэгтэйчүүдэд зааж сургаж дадлагажуулдаг болсон байна. 

相关新闻