Сум, тосгоны өсвөрийн аврагч бүлгийн гишүүд сургалтад хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн
хөтөлбөр, аймгийн ОБГ хамтран "Өсвөрийн аврагч" бүлгийн гишүүдийг чадваржуулах
сургалтыг зохион байгуулсан байна.
Тус байгууллагын "Аврагч мазаалай" сургалтын танхимд зохион байгуулсан эл үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах оролцож, сурагчдад амжилт хүссэн аж. Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сум, Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсон байна.
Сургалтын зорилго нь болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сурагчдад эзэмшүүлэх. Цаашлаад "Өсвөрийн аврагч” бүлэг байгуулах, бүлгийн гишүүдийг чадваржуулахад чиглэдэг байна. Энэ удаагийн сургалтаар болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх. Эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж. Мөн газар хөдлөлтийн тухай ойлголт, осол, гэмтлийн үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олгожээ.





