Хоршоологчид чуулж зорилгоо тодотгон ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-13 22:52:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хоршоологчдын төлөөлөл аймгийн төвд цугларч өнөөгийн болоод цаашдын зорилго чиглэлээ тодотгон ярилцлаа. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Монголын ХАА-н Хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Сэлэнгэ аймгийн ХАА-н Хоршоологчдын холбооны төлөөлөл оролцов. Уулзалтын хүрээнд аймгийн Засаг даргатай Сэлэнгэ аймгийн ХАА-н Хоршоологчдын холбоо “Санамж бичиг” байгуулж цаашдын хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Уулзалтаар Хоршооллын салбарын хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн төрийн бодлого, хууль эрхзүйн шинэчлэлийн ач холбогдлыг сурталчилж, төр болон хоршооллын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр оролцогчид байр сууриа илэрхийлэн, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлж харилцан мэдээлэл солилцлоо. Оролцогчдын зүгээс “Хоршооны үйл ажиллагааг дэмжсэн ажил арга хэмжээ дутмаг, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээ мэдээлэл бага, эрхзүйн хүрээнд болон бусад чиглэлд чиглүүлэх төрийн оролцоо хэрэгтэй байна” гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар нь манай аймгийн эдийн засгийн хөгжлийг хангах гол салбар. Кластерлан хөгжих бүрэн боломжтой. Иймээс аймгийн хөгжлийн нэгэн чухал тулгуур бол хоршоологчдын маань үйл ажиллагаа. Хоршоог би багийн хамгийн сайн хувилбар гэж боддог. Энэ бол сайн дурын үндсэн дээр нэгдэж, гишүүд нь тэгш үүрэг оролцоо, хариуцлагатайгаар хамтдаа хөгждөг, хөдөлмөрлөдөг, үр шимээ хүртдэг зохион байгуулалтын нэгж. Хэсэг бүлэг хүмүүс үйл ажиллагаагаа, ашиг сонирхол, хүсэл зорилгоороо нэгдэж чадаж байхад төр тэднийг чиглүүлж, дэмжиж, хамтарч чадвал бид илүү үр өгөөжтэй ажиллах боломж бүрдэнэ. Иргэдийн сайн сайхан аж амьдрал, эко болон орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжлийг хангах чиглэлээр цаашид хамтран ажиллахад аймгийн удирдлагын баг бэлэн байгаа” гэв.

Энэ удаагийн уулзалт Хоршооллын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанд болж буйгаараа онцлог байв.

Төрийн бодлого-Хоршоолол сэдэвт форумын үеэр оролцогчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байлаа. Энд сүү, цагаан идээ, хатаасан төрөл бүрийн хүнсний ногоо, органик зөгийн бал болон байгалийн баялаг ашиглан хийсэн бүтээгдэхүүнүүд, өөрсдөө түүж бэлтгэсэн эмийн ургамал зэрэг байв.  


 

相关新闻