Б.Ууганбаяр:Ямар ч ажилд уялдаа холбоо маш чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын
генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Ажлын багийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж хүлээн авч
уулзан, аймгийн цаг үеийн мэдээллийг танилцууллаа.
Тус ажлын баг Жавхлант сумын Онцгой комиссын үйл ажиллагаа, аймгийн Онцгой комиссын шуурхай
штабын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, Онцгой комиссын 83 дугаар
өргөтгөсөн хуралдааныг хуралдуулан мэргэжлийн албадын мэдээллийг сонсон, цаашид
анхаарах асуудлууд дээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.
Энэ үеэр бригадын
генерал Б.Ууганбаяр “Энэ хүнд цагт та бүхэн маань сайн ажиллаж байгаа. Өнгөрсөн
жилийн өдийд байдал ямар байсныг та бид мартаагүй. Одоо бид туршлагатай болсон.
Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажил, вакцинжуулалтыг сайн зохион
байгуулсан байна. Хилийн боомтод шинжилгээний цэг болон бусад зохион
байгуулалтын арга хэмжээг сайн авч хэрэгжүүлжээ. Маргааш хил дээр
ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцана. Ямар ч ажилд уялдаа холбоо маш чухал
байдаг учир энэ байдалд анхаарч улам сайн ажиллаарай” гэв.