Нүүдлийн шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сумдад хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-19 17:03:09

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Шүүхийн тамгын газраас Сантмаргаз, Сонгино, Цэцэн-Уул, Идэр суманд нүүдэллэн ажиллаж, шүүхийн үйлчилгээг хүргэжээ.  

Тухайн сумдад Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны анхан шатны ойлголтыг иргэдэд өглөө. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал, ажиллагаанд хэрхэн хандах зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргааныг шийдвэрлэж ажиллажээ. Энэ үеэр сумдын Засаг даргын Тамгын газраас гаргасан сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой маргаан. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргасан хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн зээлүүдтэй холбоотой маргаан болон иргэний гаргасан нийт 37 өргөдлийг хүлээн авч, уригдагч талыг дуудан уулзаж холбогдох ажиллагааг хийж амжилттай шийдвэрлэсэн  байна. Тухайн ажиллагаанд оролцогч талууд маргаанаа өөрийн оршин сууж байгаа сумандаа шийдвэрлүүлж байгаа нь иргэдийн цаг зав, зардал мөнгийг хэмнэсэн. Шүүхийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай хүргэж буй энэ үйл ажиллагааг манайхаас жил бүр явуулдаг гэж Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв. 

相关新闻