“Хүүхэд ба ном” өдөрлөг долоон өртөөгөөр аялуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-11-18 14:28:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд “Хүүхэд ба ном” өдөрлөг Улаанбаатар дахь Русский домд өнөөдөр эхэллээ.

 

Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгийн хамтран зохион байгуулагчаар Соёлын яам, “Номын соёлт ертөнц” ТББ, Улаанбаатар дахь Русский дом, түнш байгууллагаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Хатун төв, Эргэлт.мн ажиллаж байна.

 

Өдөрлөгийг нээж Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ, “Хүүхэд насанд уншсан ном  сэтгэлд маш тод үлддэг. Сайн ном хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлдэг. Мөн сайн ном хүнийг сайхан сэтгэлтэй болгодог, эх хэлний баялагийг дээшлүүлдэг. Бидэнд маш олон номын сонголт бий. Гэхдээ бид бүгдийг биш шилдгийг олж үр хүүхдэдээ уншуулах, ном унших дадал зуршлыг бага наснаас нь бий болгох нь эцэг эхчүүдийн үүрэг юм” гэдгийг онцлов.

 

Энэхүү өдөрлөг хүүхдийн бүтээлч сэтгэхүй, ном унших, номтой нөхөрлөх таатай орчинг бүрдүүлэх, хүүхдийн ном уран бүтээлийн онцлогийг дэлгэн сонирхуулах, хүүхдийн номын орчин үеийн чиг хандлагыг эцэг эх, багш, хүүхдэд танилцуулах, хүүхдийн ном бүтээх сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид тодотгож байна.

 

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, “БНСУ-тай харьцуулахад Монголд хүүхдийн номын хэвлэлтийн тоо нэг хувьд нь ч хүрэхгүй бага байдаг. Уншдаг ард түмэн болохын тулд хүүхэд багачуудад багаас нь ном унших хэвшлийг суулгах ёстой. Ингэхийн тулд хүүхдийн номын өдөрлөгийг тогтмол зохион байгуулах ёстой гэж үзэж байна. Энэ удаагийн өдөрлөгт хүүхдийн ном бүтээдэг газрууд нэгдэн ажиллаж буйгаараа онцлогтой” гэв.

 

Энэ үеэр “Би Монгол хүүхэд” номын нээлт болсон юм. Номын зохиолч Ё.Далайжамц хэлэхдээ, “Энэхүү номыг олон жил бодсоны эцэст өнгөрсөн хавар цар тахлын үед бичсэн. Монгол ёс заншил гэхээсээ илүү монгол ахуй талаас нь ярих дуртай. Сүүлийн үед манай хүүхэд залуус монгол ахуйгаасаа холдож байна. Тиймээс монгол ёс заншил, уламжлалыг хадгалж үлдээх хариуцлагыг хүүхэд бүхэн, хүн бүр ухамсарлаж, үүргээ биелүүлдэг байя хэмээ энэ номоо бичсэн. Монгол хүүхэд бүрийн мэддэг, чаддаг байх зүйлээс цухас таниулахыг зорилоо. Энэ номд Америкт төрсөн Бэлгүтэй хүү, Монголд төрсөн Ананд хүүгийн яриагаар хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан бичсэн. Энэ номыг уншсан хүүхэд хөдөө очих юмсан гэж дурлаасай хэмээн монгол ахуйг хүүхэдтэй ойртуулах зорилготой” гэв.

 

Өдөрлөгийн үеэр нийт долоон өртөөгөөр аялах боломжтой. Өртөө тус бүрт зурагт ном видеоноос илүү чухал болохыг бодит жишээгээр тайлбарлах, үзэгч сонирхогчдод хүүхдийн номын тухай чөлөөт ярилцлага өрнөх, хүүхдийн зохиолчдын номын үзэсгэлэн, шинэ номын яриа, уншигчидтай хийх уулзалт ярилцлага болох юм.

 


相关新闻