“Модоо тарьж, ургуулъя” сэдэвт гар зургийн уралдааны шилдгүүдийг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь “Тужийн нарс”-ны БЦГ-аас аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн
сурагчдын дунд тусгай хамгаалттай газар нутгийг хайрлан хамгаалах талаар төрөл
бүрийн уралдаан, танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулсаар иржээ.
Энэ жилийн тухайд “Модоо тарьж, ургуулъя” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг БЦГ-ын орчны бүсийн Алтанбулаг, Шаамар, Сүхбаатар, Жавхлант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан байна. Тус хамгаалалтын захиргаа нь 2017 оноос хойш Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгууд, ховор, нэн ховор амьтад, байгаль хамгаалалд бидний оролцоо, байгаль миний гэр зэрэг сэдвээр уралдаан, тэмцээн явуулж иржээ. Мөн короновируст цар тахлын улмаас гэрийн хорионд байсан сурагчдын дунд “Ой ба усны үнэ цэн” сэдэвт гар зургийн уралдааныг өмнө нь зохион байгуулсан байна.
Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний
хүрээнд энэхүү “Модоо тарья, ургуулья” сэдэвт гар
зургийн уралдааныг 14 хоногийн хугацаатай
зарлан явуулж, энэ сарын 3-ны өдөр шагналыг нь гардуулан өгчээ. Тус уралдаанд 8
сумын 13 сургуулийн 110 сурагч бүтээлээ ирүүлсэн байна. Ингээд 1-5 дугаар ангийн ангилалд Сүхбаатар
сумын ЕБ-ын 2-р сургуулийн 1Б ангийн сурагч Ш.Бадамжаргал, 6-9 дүгээр ангийн ангилалд Сүхбаатар
сумын ЕБ-ын Лаборатори 4-р сургуулийн 9-р ангийн сурагч Д.Нандин-Эрдэнэ, 10-12 дугаар ангийн ангилалд Цагааннуур
сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Б.Үрээхэй нар тэргүүлсэн байна.
Шалгаруулалтыг удирдамжийн дагуу 3 бүлэгт ангилан аймгийн Боловсролын газар, БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид шүүн шалгаруулжээ.










