Төрийн албаны Ерөнхий шалгалт өгөх иргэдэд зориулж сургалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-13 12:25:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт Сэлэнгэ аймагт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно.

Өмнөх онуудад зохион байгуулсан шалгалтад оролцогчид монгол хэл, үндэсний бичгийн сорилд босго оноо хүрээгүйгээс дараагийн шалгалтад орох боломжгүй болох тохиолдол дийлэнх хувьд ажиглагдаж байсан байна. Иймээс Төрийн албаны Зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад оролцогчдод зориулсан монгол хэл бичгийн мэдлэгийг дээшлүүлэх цахим болон танхимын сургалтыг зохион байгуулна. Шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэд цахим сургалтад суухдаа meeting ID:861 7403 9428, Passcode: 842991 холбоосоор орох бөгөөд идэвхтэй хамрагдахыг зохион байгууулагчдын зүгээс хүслээ.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу шалгалтыг зохион байгуулна. Ерөнхий шалгалт ерөнхий мэдлэгийн,  монгол хэл бичгийн, дүн шинжилгээ хийх чадварын гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэх аж. Ерөнхий мэдлэгийн шалгалтын сорилыг 55 хүртэл оноогоор үнэлж, 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох юм. Харин Монгол хэл, бичгийн чадварын сорилд 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй юм.

相关新闻