Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-02 15:42:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 


Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд жил өнгөрснийг дурдлаа. Монгол Улсын Засгийн газар өөрийн боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэний үндсэн дээр энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувиар өсөж, жилийн эцсээр 4.1 хувиар өсөх хүлээлттэй байгааг мэдэгдсэн. 


Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжихэд чиглүүлжээ. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг төсвийн зарлагыг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа дурдав. Тухайлбал, Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-д суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээны салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэн цомхон бүтэцтэй, хариуцлагатай төрийн албатай байх зорилт тавьсан байна.


Мөн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг 2021 онд эхлүүлсэн бол 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр тооцсон гэдгийг Сангийн сайд  танилцуулгадаа онцлов. Төсвийн дээрх бодлогын үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр төсөөлсөн гэж байлаа. 


Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авлаа. Төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов. Төсвийн байнгын хороо маргааш буюу энэ сарын 3-нд хуралдаж, ирэх оны төсвийн төсөлтэй холбоотойгоор бусад байнгын болон дэд хорооноос ирүүлсэн саналыг нэгтгэн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, саналаа УИХ-ын чуулганд танилцуулах юм. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр товлоод байна.

相关新闻