Сэлэнгэ аймагт энх тайвны корпусын 54 сайн дурын ажилтан ирж ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ онд АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлсний буюу анхны сайн дурын ажилтнууд ирж ажилласны 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд нийт 1400 гаруй сайн дурын ажилтан ирсний 54 нь Сэлэнгэ аймагт ажилласан байна. Эдгээр ажилтнууд боловсрол, эрүүл мэнд, байгаль хамгааллын чиглэлд хувь нэмрээ оруулан харилцан туршлага судалжээ. Сэлэнгэ аймагт ажилласан 54 сайн дурын ажилтны 23 нь аймгийн төвд, 31 нь 16 суманд ажилласан байна.
Сэлэнгэ
аймгийн
Засаг даргын орлогч Ж.Сайнцог Энх тайвны корпусын орон нутаг
хариуцсан
захирал хатагтай Ким Мансарай болон хөтөлбөрийн менежерүүдийг өчигдөр хүлээн
авч уулзсан байна.
Хатагтай Ким Мансарай: ”Сэлэнгэ
аймаг Энх тайвны корпус байгууллагын хувьд онцгой аймаг. Учир нь АНУ-аас ирж
байгаа сайн дурын ажилтнуудыг хамгийн түрүүнд Сэлэнгэ аймагт байршуулан Монгол
Улсад ажиллаж амьдрах эхлэлийг тавьж, орчин нөхцөлтэй нь дасгасны
дараагаар бусад аймаг руу
хуваарилан ажиллуудаг. Өнөөдрийг хүртэл бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран
ажиллаж ирсэн аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдэдээ талархаж байна” гэв.
Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог сайн дурын ажилтнууд Сэлэнгэ аймагт ирснээр өөр улсын хэл, соёлыг сурч, судлах боломж бүрдэж байгаа нь давуу тал болохыг тэмдэглээд цаашид ч аймгийн зүгээс хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Энх тайвны корпус байгууллагын үйл ажиллагаа нь АНУ, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны нэг чухал хэсэг болсоор өнөөдрийг хүрч байгаа юм.
Уулзалтын үеэр 2020 оны 3-р сараас хойш цар тахлын нөхцөл байдлаас хамаарч сайн дурын ажилтнууд ирж чадахааргүй болсон. Гэсэн ч нөхцөл байдал сайжирч удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ Энх тайвны корпусынхан илэрхийллээ. Мөн хатагтай Ким Мансарай “Манай сайн дурын ажилтнуудын монгол айлд байгаа тэр хором мөч энэ боломж бол хамгийн үнэ цэнтэй зүйл” гэдгийг онцолсон юм.
Манай улсад ирж байгаа сайн дурын ажилтнуудын дийлэнх нь нийгмийн салбарт ажилладаг байна.