Ургац хураалтад оролцож байгаа хугацаат цэргийн алба хаагчдын хугацааг сунгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-09-29 17:47:48

Төв /МОНЦАМЭ/ Төв аймагт тариалангийн аж ахуй эрхэлдэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд намрын ургац хураалтын үеэр ажиллах хүч дутмаг байдаг. Иймд улсын хэмжээнд хугацаат цэргийн алба хаагчдыг намрын ургац хураалтын ажилд томилон ажиллуулдаг. Энэ жилийн хувьд ургац хураалтад ажиллаж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг 9 дүгээр сарын 30-ны өдөр буулгаж эргүүлэн татах байсан бол 10 дугаар сарын 5-ныг дуустал ажиллуулах шийдвэрийг Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргажээ.

Аймгийн хэмжээнд төмс хураалт 60 хувь, хүнсний ногоо хураалт 40 хувьтай байгаа. 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд хөрсөн дээр -6-8’С хүйтрэх төлөв гарсантай холбогдуулан ургацаа бүрэн авах боломжгүй болох тул тариаланчид болон аймгийн удирдлагууд Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт илгээсэн байжээ. Энэхүү шийдвэр нь тариаланчдад маш их дэмжлэг болж байна гэж Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга талархлаа илэрхийллээ.

相关新闻