Баян-Өлгийд 13,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-аас өнгөрсөн долдугаар сард “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан.
Тус хуулийн хүрээнд Монголбанкнаас холбогдох
байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн үндсэн
болон хүүгийн төлбөрийг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж
тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 31-ний
өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 410 зээлдэгч 13 тэрбум 672 сая төгрөгийн
ипотекийн зээлээ хойшлуулсан байна.
Түүнчлэн 2436 зээлдэгч 43 тэрбум 472 сая
төгрөгийн бизнес, хэрэглээний /цалингийн, малчны, г.м./ зээлийнхээ эргэн
төлөлтийн хугацааг сунгуулсан ажээ.