Гурван хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг махны нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдэд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-08 14:51:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэв.


Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ дагуу Сангийн яам Монголбанктай хүүгийн санхүүжилтийн гэрээ, арилжааны таван банктай санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулжээ. Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд 17 аж ахуйн нэгж шалгарч, харилцагч арилжааны банкууд зээлийн нөхцөлийг судалж байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.  Энэ балансаас харахад, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажилд 7.3 мянган оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга аж ахуйн нэгжүүдээс ирүүлжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Батлан хамгаалахын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Мөн Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж, ургац хураалтад оюутан, залуусыг бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд зуучлах ажлыг зохион байгуулж эхлээд байна.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

-2021 оны Засгийн газрын шийдвэрийн биелэлтийн явцыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн эхний хагас жилийн дүнгээр нэгтгэж танилцуулав. Ерөнхий сайд Засгийн газрын хурлаар хэлэлцэж байгаа асуудлуудын биелэлтийг ч тогтмол танилцуулахыг үүрэг болголоо. Мөн биелэгдээгүй асуудлуудыг дахин нягтлан хариуцлага тооцож байх нь зүйтэй гэж үзлээ.

 -Мэргэжлийн боловсролын бодлого, зохицуулалтын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Улмаар зарим их, дээд сургуулийг хотоос нүүлгэх, ХААИС-ийн зарим факультетийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх төлөвлөгөөг танилцуулахыг хуралдаанаас үүрэг болголоо.


-Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод 2020 оны нэгдүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан “Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

-“Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт таван байршилд нийт 43.6 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг баталлаа.


-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Хэнтий аймгийн Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.

-Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авсныг өнөөдөр хүлээн авна. Тус вакциныг “КОВИД-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөж байна.

相关新闻