Уур амьсгалын өөрчлөлттэй нэн даруй тэмцэхийг анагаах ухааны 200 гаруй сэтгүүл уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ПАРИС. /France24/.
Дэлхийн дулаарал хүн төрөлхтний
эрүүл мэндэд хэдийнээ нөлөөлж эхлээд буй энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлтийн
эсрэг нэн даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг “COVID-19” цар тахалтай тэмцэж байгаатай холбогдуулан
хойшлуулж болохгүй гэдгийг анагаах ухааны 200 гаруй сэтгүүл өнөөдөр анхааруулжээ.
“Дэлхийн агаарын
температур нэмэгдэж, байгаль орчин сүйдэж байгаагаас үүдэн хүний эрүүл мэнд
хэдийнээ хохирох болоод байна” гэж ирэх 11 дүгээр сард болох “Cop26” уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний
уулзалтыг угтан дэлхийн тэргүүлэх 220 гаруй сэтгүүлээс гаргасан өгүүлэлд цохон тэмдэглэсэн байна.
Аж үйлдвэрийн өмнөх үеэс хойш агаарын температур ойролцоогоор цельсийн 1.1 хэмээр өсөөд буй юм. “Lancet”, “East African Medical Journal”, “Revista de Saude Publica”, “International Nursing Review” тэргүүтэй сэтгүүлүүдийн ерөнхий редакторуудын бичсэн өгүүлэлд дурдсанаар, агаарын температур ийнхүү нэмэгдсэн нь эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэж байна.
“Сүүлийн 20
жилийн хугацаанд 65-аас дээш насныхан дунд хэт халуунаас үүдэлтэй нас баралт 50
гаруй хувиар нэмэгдсэн. Агаарын температур нэмэгдэхийн хэрээр шингэн дутагдах,
бөөрний үйл ажиллагаа алдагдах, арьсны хорт хавдар үүсэх, халуун орны халдварт өвчин
тархах, сэтгэцийн эрүүл мэндийн сөрөг үр дагавар бий болох, жирэмсний хүндрэл,
харшил үүсэх, зүрх судас, уушгины өвчлөл, нас баралт нэмэгдэж байна” хэмээн өгүүлэлд
онцлон бичжээ.
Үүний зэрэгцээ ургацын хэмжээ буурахад нөлөөлж байгаа нь хоол тэжээлийн дутагдлыг бууруулах чиглэлд гаргаж буй
хүчин чармайлтад саад тотгор учруулж буйг тэмдэглэсэн байна. Багачууд,
хүүхдүүд болон ядуу буурай хүн ам гэх мэт хамгийн эмзэг бүлгүүдэд шууд учирч
буй эдгээр нөлөөлөл нь дөнгөж эхэлж буйг мөн анхааруулжээ.
“Одоогийн нөхцөл байдал
цаашид үргэлжилсэн хэвээр байвал 2030 оны орчимд дэлхийн дулаарал аж үйлдвэрийн
өмнөх түвшнээс цельсийн 1.5 хэмээр нэмэгдэнэ” гэдгийг НҮБ-ын Уур амьсгалын
өөрчлөлтийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын зөвлөлөөс мэдээлээд буй
юм.
“Ийнхүү биологийн
олон янз байдал үргэлжлэн алдагдахын сацуу хүн төрөлхтний эрүүл мэндэд эргүүлэн
өөрчлөх боломжгүй үр дагавар нүүрлэх эрсдэлтэй байна. Дэлхий дахин “COVID-19” халдварыг хяналтад авах шаардлагатай
байгаа ч хорт хийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулах зорилтыг хэрэгжүүлэхдээ цар
тахлаас ангижрахыг хүлээж болохгүй” хэмээн редакторууд бичжээ.
Энэхүү өгүүллийг гарахаас
өмнө Дэлхий эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, “Уур
амьсгалын өөрчлөлтийн учруулж буй эрсдэл аливаа нэг өвчнийхөөс хавьгүй их байж
болзошгүй. “COVID-19” цар тахал
зогсоно. Харин уур амьсгалын хямралд вакцин гэж үгүй. Хийн ялгарлыг бууруулж,
дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлд авч хэрэгжүүлэх алхам бүр биднийг эрүүл,
аюулгүй ирээдүй рүү хөтөлнө” гэж мэдэгдсэн юм.
Мөн өгүүлэлд дэлхийн олон орны Засгийн газар “COVID-19” халдвартай холбогдуулан “урьд хожид байгаагүй санхүүжилтийг” баталсныг дурдаад, байгаль орчны хямралын эсрэг түүнтэй ижил яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг уриалсны зэрэгцээ түүнээс гарах үр өгөөжийг онцлон бичжээ.
Тухайлбал,
агаарын чанар сайжирснаар л гэхэд хорт хийн ялгарлыг бууруулахад зарцуулсан
зардлыг нөхөх эрүүл мэндийн ашиг тус харагдаж эхэлнэ хэмээн бичсэн байна. Редакторууд
мөн "Засгийн газрууд нийгэм, эдийн засгийн зохион байгуулалт, бидний
амьдарч буй байдалд томоохон өөрчлөлтүүдийг хийх ёстой" гэж үзэж буйгаа илэрхийлжээ.