Зам засварын ажлыг эрчимжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад зам засварын ажлыг эрчимжүүлж байна.
Долдугаар сарын сүүлээр орсон их хэмжээний усархаг борооны улмаас айлууд үерт автсан тул зарим засмал замыг сэтэлсэн билээ. Байгалийн түр зуурын гамшгаас үүдэлтэй 1 тэрбум 365 сая төгрөгийн хохирлыг зөвхөн автозамын хэмжээнд амсаад байна. Гамшгийн хэмжээ үнэлгээг хөндлөнгийн аудитаар 2 удаа хийлгэн тогтоож, засах нөхөн сэргээх, ус зайлуулах гүүр хоолой шинээр байгуулах ажлууд шат дараалалтай хийж байгаа юм. Улсын чанартай зам болох Улаанбаатар-Даланзадгад-Баяндалай чиглэл, ХЦ-н 0131 ангийн чиглэлийн замыг хариуцагч "Даш Зам" ХХК, орон нутгийн буюу Даланзадгад сумын доторх замыг хариуцагч "Таны Зам" ХХК зам засах ажлыг гүйцэтгэж байна. Замын засварын ажлыг эрчимжүүлж, гүүр хоолойн нэг анги Улаанбаатар хотоос ирж ажиллана.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Автозамуудаа яаралтай засах нь чухал боловч дараа дараагийн удаа ийм хохирол амсахгүйн тулд мөн өмнөх алдааг нь давтахгүйн тулд гүйцэтгэлийг чанартай хийх, дахин замын бүтээн байгуулалтын зургийн алдаанаас болж айл өрх, иргэд орон гэр эд хөрөнгөөрөө хохирохгүй байхын тулд тооцоо судалгааг нарийвчлан тогтоож ажиллах нь чухал байна" гэлээ.