Өнгөрсөн он Европын хамгийн халуун жил болсныг тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БРЮССЕЛЬ. /CNN/.
Өнгөрсөн он Европын хамгийн жил болж
бүртгэгдсэн талаар Америкийн Цаг уурын нийгэмлэгээс лхагва гарагт танилцуулсан
тайланд бичжээ. Мөн 2020 он дэлхийн хамгийн халуун гурав дахь жил болсныг
тогтоосон байна.
Энэхүү тайланг
гаргахад хувь нэмрээ оруулсан Их Британийн Цаг уурын газрын мэдээлснээр, дээд
үзүүлэлт “нэлээд хэмжээгээр шинэчлэгджээ”. Тодруулбал, өнгөрсөн онд Европын
агаарын дундаж температур 1981-2010 оны /хувьсан өөрчлөгдөж буй агаарын температурыг хэмжихдээ ашигласан хугацаа/ дунджаас цельсийн 1.9 хэмээр илүү
байжээ.
Тийнхүү Европын
хамгийн халуун таван жил бүгд 2014 оноос хойш бүртгэгдсэн байна.
Америкийн Цаг
уурын нийгэмлэгийн Уур амьсгалын байдлын 31 дэх тайланд дурдсанаар, Франц, Испани,
Швейцар, Бельги, Норвеги, Швед зэрэг Европын 17 оронд жилийн хамгийн өндөр хэм
бүртгэгджээ.
Арктикт 2020 оны
агаарын дундаж температур мөн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн бөгөөд энэ нь 1981-2010
оны дунджаас 2.1 хэмээр илүү байжээ. Мөн Антарктидад ч гэсэн хэт халж, 2020 оны
хоёрдугаар сарын 6-нд цельсийн 18.3 хэм бүртгэгдсэнийг “Esperanza” станц мэдээлсэн нь тус тивийн хувьд хамгийн
өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр өмнө нь буюу 2015 онд бүртгэгдээд байсан дээд
үзүүлэлтийг /17.2 хэм/
эвдсэн байна.
Мөн дэлхийн бусад
хэсэгт ч хамгийн өндөр хэмүүд бүртгэгдсэнийг дурдвал, Япон, Мексик, Сейшелийн
арлууд багтаж байна. Хэдийгээр өнгөрсөн онд “COVID-19” цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засгийн үйл
ажиллагаа саарснаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 6-7 хувиар буурсан боловч
хүлэмжийн хийн агууламж 2020 онд шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.