Ц.Рэгзэдмаа:Аймгийн ОК хууль дүрэм, журам зааврын хүрээнд ажиллаж байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод Төвийн бүсийн
“Сэлэнгэ хурд-2021"
хурдан морины зуны уралдаан, мөн хэдхэн хоногийн өмнө тус аймгийн Баянгол суманд бөхийн барилдаан тус
тус болсон. Энэхүү үйл ажиллагаануудтай холбогдуулан цахим орчинд нэлээд таагүй
мэдээлэл тархаад байгаа. Тухайлбал олныг хамарсан үйл ажиллагааг 9-р сарын
1-нийг хүртэл хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарсан байхад хурдан морьдын
уралдаан явууллаа. Мөн бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд цол олгоно, олгохгүй зэрэг
асуудлаар иргэд талцан бухимдлаа илэрхийлсэн юм. Иймээс эдгээр асуудлуудад
тодруулга авах зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал
хариуцсан орлогч дарга Ц.Рэгзэдмаатай уулзлаа.
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе?
-За баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед цахим
орчинд яваад байгаа зарим мэдээлэлтэй холбоотой тайлбар, мэдэгдлийг аймгийн Онцгой комиссоос хийж
байна. Энэ цаг мөчид аймгийн ОК-ын дарга
өвчтэй, яаралтай эмчилгээнд явсан
хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас АОК-ын гишүүний хувьд миний
бие энэхүү мэдэгдлийг хүргэж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн ОК-оос
Засгийн газрын 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолыг
үндэслэн 9-р сарын 1-нийг хүртэл аймгийн
хэмжээнд ямар нэгэн баяр наадам хийхгүй байхыг албан ёсоор мэдэгдсэн байгаа.
Энэхүү мэдэгдлийн хүрээнд АОК болон Засаг даргаас ямар нэгэн баяр наадам зохион
байгуулах тухай шийдвэр гараагүй болно.
-Аймгийн Засаг даргын ямар нэгэн шийдвэр гараагүй байхад
хурдан морьдын уралдааныг яагаад аймагтаа зохион байгуулсан юм бэ?
-Засгийн
газрын 2021 оны 07-р сарын 20-ны өдрийн хурлаар улсын
хэмжээнд зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Баруун бүсийн уралдааныг Ховд
аймагт, төвийн бүсийн уралдааныг Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар
шийдвэрлэсний дагуу УОК-ын
07-р сарын 23-ны өдрийн 25 дугаар хурлаар өгсөн
чиглэлийн дагуу Морин спорт уяачдын холбоотой хамтран, коронавируст
халдвар /Ковид -19/-аас урьдчилан сэргийлэх,
халдвар хамгааллын дэглэм мөрдөх
ерөнхий болон тусгай журмыг боловсруулан холбогдох байгууллагуудын хяналт,
дэмжлэг, оролцоотойгоор амжилттай зохион байгуулсан.
- Баянгол
суманд зохион байгуулагдсан 128 бөхийн барилдаанд аймгийн цол олгох уу?
-Сэлэнгэ
аймгийн бөхийн холбооноос бөхийн барилдаан зохион байгуулах хүсэлт ирснийг
АОК-аар хэлэлцүүлэн 9-р сарын 1-ийг хүртэл баяр наадам зохион байгуулахгүй
гэсэн шийдвэрээ үндэслэн “хойшлуулах” тухай тоотыг холбогдох мэргэжлийн
байгууллага болох
аймгийн БТСГазарт хүргүүлсэн. Гэтэл энэ
сарын 13-ны өдөр Баянгол
суманд зохион байгуулсан аймгийн цол олгох 128 бөхийн барилдааны талаар АОК
болон аймгийн Засаг даргад ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй. Бөхийн барилдааныг зохион
байгуулагдахаас өмнө анхааруулж хэлсэн боловч бөхийн барилдааныг зохион
байгуулсан. Тийм учраас аймгийн цол олгохгүй.
-Тэгэхээр энэ барилдаан аймгийн ОК-ын болон аймгийн
даргын зүгээс зөвшөөрөл өгөөгүй байхад болжээ?
-Тийм. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13 дугаар зүйлд
“баяр наадмыг зохион байгуулах талаарх аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийг“
заасан байдаг. Тухайлбал тухайн хуулийн 13.1.2-т “.... амжилтыг үндэслэн бөх,
уяач, харваачид үндэсний спортын төрлөөр аймаг, сумын цол олгох. хүчингүй
болгох” эрхийг тухайлан заасан байдаг.
-Тэгэхээр хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бус
учраас аймгийн цол олгохгүй гэж үзэж болох юм байна, тийм үү?
-Тиймээ. Зөвшөөрлөлгүй учраас цол олгохгүй.
-Ер нь 9-р сарын 1-нээс хойш ямар нэгэн арга хэмжээ зохион
байгуулах уу?
-Цаг үеийн нөхцөл байдал, ковидын тархалтын байдал гайгүй
бол аймгийн баяр наадмынхаа бөхийн барилдааныг зохион байгуулна гэж төлөвлөсөн
байгаа. Аймгийн ОК-оос
хууль дүрэм, журам зааврын хүрээнд аливаа ажил арга хэмжээг зохион байгуулан, шийдвэр
гарган ажиллаж байгаа. Иймээс иргэд та бүхэн үнэн
бодитой мэдээллийн эх сурвалжаас мэдээллээ авч хамтран ажиллахыг хүсье.
-Танд баярлалаа.