С.Ганзориг: Голын эрэг дагуу морьтой, явган эргүүлүүд ажиллаж байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн ихэнх нутгаар бороошиж гол усны түвшин ердийнхөөс ихэссэн. амралт,
аяллын улиралд иргэд хөдөө хээр гэр бүлээрээ амарч яваа энэ үед үер усны
аюулаас болгоомжлохыг аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт сурталчилгаа,
урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ажилтан, хошууч С.Ганзориг мэдээлэв.
–Сайн байна уу?
амралт аяллын улирал үргэлжилж буй энэ үед үер усны аюулаас хэрхэн сэргийлэх
талаарх зөвлөгөө мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм ээ. Манай
аймгийн ихэнх нутгаар гол усны түвшин нэмэгдсэн байгаа энэ үед иргэд аялж
зугаалах болон, суурин газарт амьдарч буй иргэд үер усны аюулаас урьдчилан
сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу
явуулах. Голын эрэг орчмын газарт тоглуулах. голын эрэг орчмоор аялж зугаалах,
голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг
сануулж байна. Тиймээс иргэн та үер усны аюулаас урьдчилан сэргийлэх
сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх
сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах хэрэгтэй. тэнгэрийн
байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншныг шинжих гэх мэт үер
усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах. Гэр, хашаа, саравч,
орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус
хальдаг эрэг, татамд барихгүй байх. үерийн аюултай бүс нутгаас нүүх. үер, усны
аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих. Үер, усны аюулын талаар
хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх. хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн,
нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх.
Мөн чухал бичиг
баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар
хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх нь чухал юм. Цэвэр ус болон
хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах. Гэнэтийн ослын
болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах. өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа
барихгүй байх хэрэгтэй.
-Иргэд үер, усны
аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?
-Үерийн аюулаас
хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах,
хамгаалах хэрэгтэй. Тиймээс гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх,
хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар
байлгах нь чухал. Мөн үерийн үед байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон
өндөрлөг газар гарах. үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол
байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх. цахилгаан хэрэгслийг хүчдэлээс
салгах.
Усархаг,
үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах,
эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах нь зүйтэй.
Үерийн үед өрх
гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага болох
эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргааны байгууллагуудад хэл дуулгаж,
мэдээлэх. Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах. аж ахуйн үйл
ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байхыг зөвлөж байна.
-Ер нь үер, усны
аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байлгах зүйлүүд байдаг уу?
-Байгалийн аюултай үзэгдэл гэнэт болдог. тиймээс ямар ч аюулын үед бэлэн байдлыг хангах нь чухал юм. Тиймээс үер, усны аюулын үед өрх гэртээ доорх зүйлүүдийг зайлшгүй бэлэн байлгахыг зөвлөдөг. Тухайлбал ундны ус, илчлэг хоол хүнс, мэдээлэл холбооны хэрэгсэл болох радио, гар утас, эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис. Түүнчлэн гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл, гар чийдэн, лаа, шүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэтийг заавал гэртээ байлгаарай. Нэмээд дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил, түлээ түлш, хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг, гарын доорх материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх. хүрз, жоотуу, олс, алчуур бээлийг үер усны аюулын үед бэлэн байлгахыг мэргэжлийн байгууллага зөвлөдөг.
-Тэгвэл үер,
усны аюулын дараа иргэд юу хийх хэрэгтэй вэ?
-Өөртөө болон
бусдад туслах. эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих. шаардлагатай
бол эмнэлгийн байгууллагад хандах. Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг
тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
хэрэгтэй. мөн барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх. Үерийн
ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах нь чухал. Хийн
шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ
эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн
тохиолдолд гэртээ эргэж очих. Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх. Гараа
тогтмол савандаж угаах. Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах,
хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
хэрэгтэй. Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх. Гэр хороололд амьдардаг бол бие
засах газар, муу усны нүх, савыг ариутгах, цэвэрлэх гэх мэт зөвлөгөөнүүдийг
дагаарай.
-Завхан аймагт
он гарсаар үер усны дуудлага ирсэн үү?
-Өнөөдрийн байдлаар үерийн дуудлага ирээгүй байна. Гэхдээ голын усанд автомашин суусан гэсэн гурван дуудлага ирж онцгой байдлын аврагчид амжилттай ажилласан байгаа. Аймгийн онцгой байдлын газраас гол, нуурын орчимд аялж зугаалж яваа иргэдэд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зурагт хуудас бүхий санамж, сэрэмжлүүлэг мэдээллийг нийт 3600 гаруй иргэнд өгөөд байна. Тухайлбал зургаа долоодугаар сард хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Ингэхдээ аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Улиастай сумын байгаль хамгаалагч, орчны улсын байцаагч, нартай хамтран эргүүл хяналт, шалгалтыг хийсэн. Энэ үеэр Улиастай сумын Богд, Чигистэйн голын эрэг дагуу явган, морьт, завьт, машинтай эргүүлүүдийг ажиллуулж иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлгийг тараан ажиллаж байна. Гол нуурын орчимд аялж зугаалж буй иргэдэд анхаарал болгоомжтой байхыг нь байнга сануулж эргүүл ажиллуулах нь үр дүнтэй байгаа. Энэ жил үер, усанд автсан дуудлага ирээгүй. Гол, нууранд осолдсон дуудлага бага байна.