Улаанбуудайг биржээр арилжина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ намраас эхлэн улаанбуудайг биржээр дамжуулан арилжина. Энэ талын бэлтгэл ажлыг хангах талаар ХХААХҮЯ-ны удирдлага өнөөдөр Монголын тариаланчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав.
Уулзалтаар улаанбуудайг биржээр арилжихад хүнсний улаанбуудайн арилжааны шимтгэлийг 0 байхаар зохицуулах, хүнсний улаанбуудайнаас гадна үрийн будааны талаар судлах, ХАА-г Дэмжих сан болон бусад бүх агуулахын итгэмжлэл олгох ажлыг яаралтай дуусгах талаар ярилцаж тохироцлоо. Мөн Тариаланчдын холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулахаар болж, биржийн арилжааны зураглал гаргаж, Тариаланчдын холбоотой саналаа нэгтгэх, тээврийн талаар судалгаа гаргах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо.
Үүний өмнө өнгөрсөн 2 дугаар сард Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож хамтран ажиллахаар болсон. Энэ удаагийн уулзалтаар намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, энэ ажилд шаардлагатай ажиллах хүчин, тээвэрлэлт зэрэг зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо.