Хустайн БЦГ-т хоёр мотоцикл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан сайд Хустайн БЦГ-т ажиллаж, байгаль хамгаалагчдад тулгарч буй бэрхшээлийг ойрын хугацаанд шийдэхэд анхаарахаа илэрхийлээд, техник хангамжийг сайжруулахад зориулан, хоёр мотоцикл олгохоор болов.
Хустайн байгалийн
цогцолбор газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын
нутагт 50,8 мянган га газрыг хамардаг. Тус газрын менежментийг “Хустайн
цогцолборт газар” ТББ, Засгийн гарын тогтоолын дагуу БОАЖЯ-тай гэрээ байгуулан улсын төсвийн
дэмжлэггүйгээр хариуцан ажиллаж, орлогын
80 гаруй хувийг аялал жуулчлалаас төвлөрүүлдэг.
Сүүлийн 2
жил гадаадын жуулчдын хөдөлгөөн зогссонтой холбоотой санхүүгийн хүндрэл үүсэн ч
үндсэн үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол явуулж байгааг Н.Уртнасан сайд
уулзалтын эхэнд онцлоод салбар яам дэмжихээ илэрхийлэв.
Байгальд
устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу тахь сэргээн
нутагшуулах зорилгоор тус газрыг 1993
онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр
болон 213 зүйлийн шувуу нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нар Хустайн байгалийн цогцолбор газарт хээрийн аяллаар судлаач нарын хамт тахь, нүүдэллэн ирж жилийн 4 улирлын турш нутагших болсон цагаан зээр, аргаль хонин сүрэг болон ховордсон ургамалтай танилцлаа. Тус газрын биологийн төрөл зүйл, хамгаалалтын дэглэм болоод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон ажил, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцон, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлджээ.
Хустайн байгалийн цогцолбор газарт байгаль орчны эсрэг гэмт
хэрэг, зөрчлийн тоо жил дараалан буурч байгаа ч тарвага, чоно хууль бусаар
агнах, агнахыг завдах тохиолдол гарсаар байгаа. Энэ жил тарвага, чоно
агнасан 2 гэмт хэрэг, завдсан 8 зөрчлийг илрүүлэн шалгаж байгааг холбогдох
албаныхан танилцуулав.