М.Дуламжав: Жижиг, дунд бизнесийг дэмждэг сангуудын мэдээлэл ил тод байж чаддаггүй байсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Жижиг дунд бизнесийг
дэмжих сангуудын санхүүжилт, үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог идэвхжүүлэх төслийг "Өрнөх хөгжил" ТББ-аас хэрэгжүүлж
байгаа. Төслийн явц, үр дүн ямар байгаа талаар тус ТББ-ын тэргүүн
М.Дуламжавтай уулзаж ярилцлаа.
-Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-"Өрнөх хөгжил" ТББ нь 2021 онд Америкийн
Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй BEST хөтөлбөрөөс зарласан
тэтгэлэгт шалгарсан юм. Энэ тэтгэлгийг аймгийн иргэний нийгмийн байгууллагууд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд зарлаж шалгаруулалт хийж манайх тэтгэлэг авсан.
Тэтгэлгийн хүрээнд төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн зорилго нь жижиг дунд
бизнесийг дэмжих сангуудын санхүүжилт, үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо, иргэний нийгмийн хяналт нөлөөллийг нэмэгдүүлэх
зорилготой юм. Төсөл зургаан сарын хугацаатай хэрэгжинэ.
-Төслийн зорилгод хүрэхийн тулд ямар зорилтуудыг
дэвшүүлэн ажиллаж байна вэ?
-Бид төслийн зорилгодоо хүрэхийн тулд хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн. Тухайлбал жижиг, дунд бизнесийг дэмжих
сангуудын санхүүжилт мэдээллийн
ил тод нээлттэй байдалд иргэний нийгмийн хяналт, нөлөөллийг бий болгох. Жижиг
дунд бизнесийг дэмжих сангуудын мэдээллийн ил тод байдалд иргэдийн оролцоог
нэмэгдүүлэх. Жижиг, дунд бичил бизнес эрхлэгчдийн мэдээлэл авах чадавхыг
нэмэгдүүлэх, идэвх оролцоог сайжруулах гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж
байна.
-Төсөл
хэзээнээс хэрэгжиж эхэлсэн билээ? Ямар ажлуудыг амжуулаад байна?
-Манай төсөл энэ сард эхэлсэн. Эхний зорилтын хүрээнд жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр ажилладаг Завхан бизнес
хөгжлийн төв, Очирваанийн боломж, Нийгмийн Түншлэлийн сүлжээ, Залуучууд өсвөр
үеийн өөртөө туслах төв ТББ-уудын тэргүүн гүйцэтгэх удирдлагатай хамтран
ажиллах.
Тэдний санаа бодлыг сонсох уулзалт хийж, жижиг, дунд бизнес эрхлэгчдээс авах санал асуулгын төслийг хэлэлцэж хамтран ажиллахаар боллоо.
Мөн BEST
хөтөлбөрийн орон нутгийн салбартай хамтран Улиастай сумын сум хөгжүүлэх сангийн
зээлийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгтэй нөлөөллийн уулзалтыг хийгээд
байгаа. Сум хөгжүүлэх сангийн зээл олгох зарыг олон нийтийн сүлжээнд ил тод байршуулах.
Зээлд хамрагдах иргэд жижиг, дунд бизнес эрхлэх төсөл бичих анхны мэдэгдэхүүнтэй
болох сургалтад хамрагдсан. Мөн төсөл бичигчид өөрсдөө төслөө хамгаалдаг, үр
дүнтэй хэрэгжүүлдэг. Бодитой ажлын байр нэмэгдүүлдэг болох. Сум хөгжүүлэх
сангийн зээл олгох тэргүүлэх чиглэлүүдийг гаргаж, зээлийн хэмжээг инфляцын
түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх асуудлуудыг хөндөөд байгаа.
Харин хоёр дахь зорилтын хүрээнд
жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмждэг сангуудын мэдээллийн ил тод байдлын
өнөөгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөхөөр
50 гаруй өрхийн болон бичил бизнес эрхэлж байгаа иргэдээс цаасаар судалгаа аваад
байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотой онлайнаар авахаар бэлтгээд
байна. Цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсох. Тэдэнд мэдлэг
мэдээлэл өгөх уулзалтуудыг зохион байгуулж, тэтгэлгийн сүүлийн саруудад жижиг, дунд бизнесийг дэмждэг сангуудын мэдээллээр нээлттэй сонсгол хийхээр төсөлд
тусгасан.
Гурав дахь зорилтын хүрээнд BEST
хөтөлбөрийн орон нутгийн салбартай хамтран Сум хөгжүүлэх санд зээл өгөхийг
хүссэн 29 иргэнтэй уулзалт хийлээ. Төсөл бичих анхны мэдэгдэхүүн багатай 32
иргэнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл Бизнесээ хөгжүүл”
хөтөлбөрийн “Бизнесээ эхэл” нэртэй тав хоногийн сургалтыг амжилттай явууллаа. Олон
улсын хөдөлмөрийн байгууллагын мастер багш, менежментийн багийн ахлагчийн батламжлах
гэрчилгээтэй сургалтыг хийж өрхийн болон бичил бизнес эрхлэгч нарт төсөл бичих,
техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулах гарын авлага сурах бичгээр хангаад
байгаа.
-Жижиг, дунд бизнесийг дэмждэг сангуудын мэдээлэл яаж иргэдэд хүрч байна вэ? Мэдээллийн
нээлттэй эх үүсвэрүүдээс иргэд мэдээллээ авч чадаж байгаа юу?
-2018 оноос Завхан аймагт Европын
холбооны санхүүжилттэй хэрэгжсэн “Завхан аймгийн эдийн засгийн өсөлт хөгжилтөд
Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн
хүрээнд Завханы иргэний нийгмийн байгууллагуудын ажилтнууд төсөл хэрэгжиж
байгаа 12 суманд сүүлийн гурван жил ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Засаг
даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт орсон “Сайн бизнесмен” хөтөлбөрийг
“Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө” аргачлалаар үнэлэхэд Сум хөгжүүлэх
сангийн мэдээлэл ил тод биш. Эзнээ олдоггүй талаар бүх сумын иргэд ярьдаг.
Мэдээлэл нь ил тод биш учраас эргэн төлөлт нь хамгийн муу байдаг гэсэн судалгаа
бий.
2020 онд жижиг дунд бизнесийг дэмждэг сангуудын талаар
аймгийн ИТХ-тай хамтран “Нээлттэй сонсгол” хийж өмнөх аймгийн Засаг дарга
Д.Батсайханы мэдээллийг сонссон. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын
зүгээс жижиг, дунд бизнесийг дэмжих ямар эх үүсвэрүүд байгаа. Аймаг орон нутгийн
бодлогоор ямар төслийг дэмжих вэ гэдэг тэргүүлэх чиглэлээ гаргаж, төсөл авах
зараа ил тод нээлттэй эх үүсвэрүүдэд тавьдаг болчихвол хаана хаанаа чирэгдэлгүй
амар гэдгийг дуулгаж байсан.
-Нээлттэй эх үүсвэр гэдэг нь?
-Мэдээллийн нээлттэй эх үүсвэрүүд гээд байгаа нь аймгийн нэгдсэн цахим сайт, аймаг
сумдын нээлттэй пэйж группүүд, мэдээллийн самбарууд, орон нутгийн сонин,
телевиз гээд олон нийт хаанаас ч мэдээллээ олж авахыг хэлж байгаа юм. Олон
нийтийг ямар ч эх үүсвэрээр мэдээллээ олж аваад унших боломжийг нь төр
хангах ёстой юм.
Нөгөө талаар иргэд мэдээллээ нээлттэй эх үүсвэрүүдээс авах чадвар чадавхтай байх хэрэгтэй байна. Тэтгэлгийн хүрээнд нээлттэй мэдээллийн эх үүсвэрүүдийг иргэд олон нийтэд хүргэх нь бидний хийх ёстой ажил. Үүнийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хийхийг зорьж байна.
Танд баярлалаа.