Минж нутагшуулах, үржүүлэх төвийг орон нутгийн хамгаалалтад авахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Минж нутагшуулах, үржүүлэх” төвийг нийслэлийн орон нутгийн хамгаалалтад байгууллагын нөөц ангиллаар авах тухай хэлэлцэв.
“Минж нутагшуулах, үржүүлэх” төвийг нийслэлийн орон нутгийн хамгаалалтад байгалийн нөөц ангиллаар авахыг НИТХ-ын тэргүүлэгчдийн олонхын саналаар дэмжлээ. Орон нутгийн хамгаалалтад авахаар төлөвлөсөн 145 га газарт нийслэл, дүүргийн захирамжаар иргэн аж ахуйн нэгжид өмчлөх, эзэмших эрх зүйн актаар газар олгогдоогүй байна.
НБОГ-аас энэ онд нийт 145 га талбайг дээрх зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах төсөл боловсруулсныг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцуулсныг НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.
“Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨҮГ-ыг Баянзүрх
дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын төвөөс 7 км орчим газарт Туул голын
экосистемийг байгалийн аясаар нэмэгдүүлэх, сайжруулахаар 2012 онд байгуулсан. Харин 2019 оноос НБОГ-т харьяалагдах болжээ.
Минж нь усны түвшин багассан үед голын эрэгт суваг татах, далан барих зэргээр
орчноо намагжуулах, орчны чийгшлийг нэмэхэд гол үүрэгтэй мэрэгч амьтан. 2012
оноос хойш нийт 57 бодгаль минжийг Туул голын эх болон түүний цутгал болох
Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа.
Судлаачид Туул голын эхэнд 100-150 бүл минжний популяц үүсгэсэн үед байгалийн болон хүний сөрөг нөлөөнд бага өртөх, тогтвортой өсөж үржих боломж бүрдэнэ гэж зөвлөдөг.
Үржүүлгийн төв орчимд цүнхээл үүсгэн минж нутагшуулж, тоо толгойг олшруулах, байгальд дасгах нөхцөл бүрдүүлэн, усны урсцыг нэмэн нөөцийг арвижуулах, экологийн боловсролын тогтолцоонд арга зүйн туслалцаа үзүүлэх эко тур болгон хөгжүүлэхийг зорьж байна.