Ойн хөнөөлт шавж 2021-2022 онд хэт олширно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-01 10:13:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн судалгаа, хөгжлийн төвөөс Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд навч, шилмүүсний хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох тоймчилсон судалгааг энэ оны 6 дугаар сарын 7-12-нд хийв.


Эрдэмтэд ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг 10-12 жил гэж үздэг. Харин Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд 2021-2022 онд үргэлжлэхээр байгааг судалгаагаар тогтоожээ.


Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий Түргэн, Жаргалант, Нүхт, Арцат, Хүүш, Богино, Зайсан, Залаат, Хүрхэрээ, Харгана, Хүрэлтогоот, Бумбат, Төр хур, Шажин хурахыг хамруулсан судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газарт навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч, Сибирийн хүр эрвээхэй хөнөөлт шавж илрүүлжээ.


Тоймчилсон судалгаагаар Сибирийн хүр эрвээхэй Төр хурахын аманд 915 га талбайд,  Якобсоны төөлүүрч эрвээхэй Жаргалант, Түрэг, Хүүш, Төр хурах зэрэг газрын 2792 га талбайд голомт үүсгэсэн байгааг тогтоолоо.


Хортон шавжтай тэмцэх ажлыг зургадугаар сарын 29-нөөс зохион байгуулж эхний ээлжинд Богдхан-Уул ДЦГ-ын Төр хурах амны 30-р хэсэглэлийн 500 га талбайд үүргэн утаат шүршигч 5 багажаар, 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Одоогоор Төр хурахын амны Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр тархсан 50 га талбайн шавжийг устгаж байгаа бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалан үргэлжлэх хугацаа сунах магадлалтай байна.


Харин Төр хурахын амны ойн санд илэрсэн Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр нь 4-6 насжилттай байгаа нь 6 сарын сүүл, 7 сарын дунд 10 хоног хүртэл хүүхэлдэй шатандаа шилжиж, нисэж эхлэх учир голомт дахь хүрэнцрийн нягтшилыг багасгах ажлыг 8 дугаар сарын дунд 10 хоногт явуулна.


Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Иймд бага үед нь  хөнөөлийн хэмжээг багасгах, хамрах хүрээг зогсоож эхэлснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлнэ.


Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах учир байгальд сөрөг нөлөөлөл багатай хортон устгах зориулалтын аргаар голомтыг хумина.


Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгджээ



相关新闻