Монгол-Хятадын эрдэмтэд талхлагдсан бэлчээрийг тэжээлийн ургамлаар сэргээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэт талхлагдсан бэлчээрийг байгалийн нөхөн сэргээлтээс гадна тэжээлийн ургамал тариалж сэргээх боломж байна. Манай улсын ШУА-ийн харьяа Газарзүй-геоэкологийн хүрээлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн эрдэмтэн судлаач нар хамтран талхалсан бэлчээрийг сайжруулах технологийг боловсруулж уг ажлыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дээрх технологийн гол цөм нь менежментийн аргаар бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаагаар онцлог юм.
Хоёр орны эрдэмтэн судлаачид Булган аймгийн Гурванбулаг сумыг сонгон дээрх туршилт судалгааг хийж эхэлжээ. Энд Бэлчээрийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төв байгуулан байгалийн нөхөн сэргээлтээс гадна тэжээлийн ургамал тарих технологийг хөгжүүлэх туршилтыг давхар хийж байна. Энэ талаар ШУА-ийн харьяа Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох хэлэхдээ, "Энд бид орон нутгийн удирдлага болон малчидтай юуны өмнө хамтарч ажиллаж байна. Учир нь орон нутгаас бидний тарих тэжээлийн ургамлыг тариалах сортын талбайг эхний ээлжинд гаргаж өгч байгаа юм. Тэр талбай дээр нь тухайн орон нутагт тэсвэртэй ургах, тухайн нутагт дасан зохицох ургамлыг тариалан туршиж байна. Тариалах явцад малчид өөрсдөө оролцоно. Энэ нь тэд тухайн сортыг тариалах технологид суралцахаас гадна тариалсан ургамлаар малаа тэжээх зорилготой" гэв.
Манай улсын нийт бэлчээрийн 70 шахам хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон, тэр дундаа тал хээрийн бүсэд энэ үйл явц эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, 2006 онд Булган аймгийн бэлчээрийн 60 гаруй хувь доройтож гадна, дотны нөлөөнд өртсөн бол энэ онд 80-90 хувь болон өсжээ. Тиймээс бэлчээр нь ноцтой байдалд хүрч доройтсон Булган аймгийн Гурванбулаг сумыг сонгон туршилт судалгааг хийж эхэлжээ.
Бэлчээрийг сайжруулах дээрх туршилт судалгааг малчин-орон нутаг-шинжлэх ухааны байгууллага гэсэн 3 оролцоон дээр тулгуурлан хийж, малчдыг сургаж шийдлийг газар дээр гаргах туршилтын анхны судалгааг хийж буйгаар онцлог аж. Бэлчээрийн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны төвд Монгол, Хятадын талаас тус бүр 4, 8 төрлийн сортын ургамлыг туршиж, одоогоор дээрх ажил нь Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” олон улсын төсөл болон өргөжиж, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Өвөрмонголын Багшийн Их сургууль, Тариалан Мал аж ахуйн хүрээлэн, Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байна.
Бэлчээрийг нөхөн сэргээх туршилт судалгааны талбайд үетэн болон буурцагтны овгийн 8 сортын ургамал тариалан бэлчээрийг нөхөн сэргээхэд аль ургамал илүү үр дүнтэй байгааг судлан, цаашид бэлчээрийн төлөв байдлыг сайжруулахад ашиглаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломж бий болгохоор зорьж байгаа талаар төслийг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд тайлбарлалаа. Энэхүү туршилт судалгаа нь Монгол орны хуурай хээрийн бүсэд хамгийн анх удаа, 30 га талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх туршилт хийснээрээ онцлог юм гэж ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шижилгээний ажилтан, төслийн удирдагч М.Уртнасан онцолж байна.