Төмөр замын гармыг 24 цаг байнга нээлттэй байлгахаар шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 8 дугаар багийн 1 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрээр олон улсын төмөр зам дайран өнгөрдөг.
Энэхүү замын баруун хэсэгт оршин суугч 180 орчим өрхийн 500 гаруй иргэн болон аймгийн төвийн усан хангамжийг хариуцдаг “Урсгал ус” компани төмөр замын гармаар өдөр тутам нэвтэрч ажиллаж, амьдардаг. Гэвч гармыг хариуцан ажиллуулдаг эрх бүхий байгууллагаас 2020 оны зун уг гарамд 3 хоног засвар хийх шалтгаанаар хааснаас хойш хаалттай гарам болж хувирсан юм. Үүнээс хойш тус гармыг 07:30-20:30 минут хүртэл хугацаанд нээлттэй байлгаж, бусад үед хааж байв. Энэхүү байдал нь тухайн хэсэгт оршин сууж буй иргэд шөнө оройн цагаар албан болон хувийн чухал ажлаар сумын төв рүү орох, эмнэлгийн болон гал түймрийн шуурхай тусламж хүргэхэд цаг алдах зэрэг эрсдэлт нөхцөл байдал үүсээд байсан аж.
Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын даргын зүгээс болон Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр хүсэлт хүргүүлсэн байна. Үүний үр дүнд тус гармыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагаар байнга нээлттэй байлгахаар шийдвэрлэжээ.