Б.Нямдорж: НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ бахархдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын гал
сөнөөгч Батбилэгийн Нямдоржтой уулзаж, ажил үйлсийнх нь талаар товчхон
хөөрөлдлөө.
-Юуны өмнө танд Олон улсын гал сөнөөгчдийн
өдрийн баярын мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батбилэгийн Нямдорж гэдэг.
Би Сэлэнгэ аймагт төрсөн. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Сэлэнгэ аймгийн
Онцгой байдлын албанд 2004 онд ороод одоог хүртэл ажиллаж байна.
-Эр зоригийн алба гэгддэг Онцгой байдлын
албанд орж ажиллах болсноо сонирхуулаач?
-Онцгой байдлын
албанд орж ажиллах болсон түүх их сонин л доо. Манай ээжийн ах, ахмад Энхтайван гэдэг
хүн тухайн үед Гал түймэртэй тэмцэх хэлтэс гэж байхад боловсон хүчин хийдэг
байсан. Тэр ах маань намайг хүүхэд байхад л албандаа оруулна, удам дамжуулна
гэж их ярьдаг байлаа. Түүнээс үүдэлтэй намайг 10-р анги төгсөөд байж байх үед манай
аавын эгч намайг “миний дүү одоо энэ ирээдүйтэй албанд орж ажил” гэдэг
саналыг тавьсан. Ингээд эгчийнхээ саналыг хүлээж аваад орохоор шийдсэн. Тэгээд
ажилд орохоор хөөцөлдөж, ирж уулзаад, өргөдлөө өгсөн. Ингээд олон аавын хүүхдүүдтэй
мөр зэрэгцэн 2004 оны намар 9 сард шалгалт өгөөд 10 дугаар сард ажилд орсон доо.
-Яагаад заавал энэ эрсдэлтэй албыг сонгон
ажиллах болсон бэ?
-Ер нь бол эр хүний хатуужил,
тэвчээр, зориг сорьсон алба. Хүүхэд байхаасаа энэ албаараа бахархаж байсан.
Тийм ч учраас энэ албанд орьё гэсэн хүсэл эрмэлзэлтэй байж байгаад,
хүүхэд насны мөрөөдөлдөө хөтлөгдөөд ч гэх юм уу энэ албанд орсон.
-Энэ байгууллагад ороод хэдэн жил ажиллаж байна?
-Энэ
байгууллагад 2004 оноос хойш 17 дахь жилдээ ажиллаж байна.
-Энэ хугацаанд хэчнээн ой, хээрийн
болоод объектын гал түймэрт оролцов. Хэчнээн хүний амь болоод хэдэн төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав?
-17 жил ажиллах
явцад ой, хээрийн түймэрт 84 удаа, объектын түймэрт 265 удаа явсан
байна. Монгол Улсад нэлээд томоохонд
тооцогдох “Ми-8” нисдэг тэрэгний ослоос тухайн үед 8 хүний
амь аварч байсан. Түүнээс хойш гал түймрийн голомтоос 4 настай охин, 26 настай
залууг яг угаартсан байдалтай байж байхад нь гаргаж байсан. Энэ мэт нийт
14 хүний амийг авран хамгаалсан. Мөн 1.5 тэрбум төгрөгийн өмч
хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байдаг.
-Ажиллаж байх хугацаандаа оролцож байсан хамгийн онцлог, сэтгэл
дүүрэн омогшил төрүүлсэн ажил үйлс тань?
-Ажиллаж байх
хугацаандаа БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах
ажиллагаанд оролцож, мото буудлагын 6-р ээлжийн батальонд үүрэг
гүйцэтгээд ирсэн маань миний омогшил юм даа.
-Таны бахархал юу вэ?
-Миний бахархал
бол миний аав, ээж, гэр бүл, үр хүүхэд. Мөн албаны маань залуучууд гэж боддог.
-Гал сөнөөгч хүний хамгийн эрхэмлэх зарчим юу вэ?
-Миний бодлоор
түргэн шуурхай байж ард түмэндээ хүртээмжтэй үйлчлэх. Нэмж хэлэхэд нэг нэгэндээ
итгэх итгэлцэл гэж боддог. Яагаад гэхээр ар тал найдвартай байж галын болон
гамшгийн голомт руу эргэлзэх зүйлгүйгээр орно шүү дээ. Мөн
жолоочийн ур чадвар сайн байж галын болон ой, хээрийн түймрийн
голомт дээр түргэн шуурхай хүрэлцэн очно.
-Улаан гал руу эргэлт буцалтгүй дайраад л ордог
хүмүүс бол гал сөнөөгчид. Яг энэ үед юу бодогддог вэ?
-Энэ үед гал
түймрийн тархалтыг түргэн шуурхай тактикийн алдаа дутагдалгүй унтраах арга
тактикийг бодож боловсруулж, алдаа эндэгдэлгүй ажиллахыг боддог.
-Ажил алба бүхэн өөр өөрийн онцлогтой. Гал сөнөөгч хүний
онцлог юу байдаг юм бол?
-Мэдээж дэлхий
нийтээр дайн дажнаас татгалзаж байгаа. Энэ үед улс орны хөгжилтэй байнга
зэрэгцэн орших зүйл бол гамшиг осол, гал түймэр гэж боддог. Энэ бүхэнтэй нүүр
тулан зогсдог залуучууд бол аврагч, гал сөнөөгчид. Энэ л бидний онцлог юм.
-Танд ажлын амжилт хүсье.