Онцгой байдлын газар болон Цэргийн ангиудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэ сарын 17-18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав.
Тэрээр улсын Онцгой комиссын орлогч даргын хувьд тус аймгийн онцгой комисоос "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх
чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж
танилцсан юм. Мөн улсын хил нээх болсонтой холбогдуулан Алтанбулаг боомтын үйл
ажиллагаа, түүнчлэн 5-р
сарын 22–ны өдрөөс хот хоорондын хөдөлгөөнийг нээхтэй холбоотойгоор хийж
буй бэлтгэл ажилтай тус тус танилцаж, үүрэг чиглэл өгчээ.
Сэлэнгэ томоохон гол мөрөн, ой мод ихтэй онцлог аймгийн нэг. Иймээс ч үүнтэй холбоотой ослын дуудлага их ирдэг. Энэ байдлыг харгалзан Онцгой байдлын газар болон Цэргийн ангиудад нэн шаардлагатай завь, гал унтраах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ–ын дарга Ө.Сувдаа нарыг “Онцгой байдлын албаны төлөө” тэмдгээр шагналаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын 05 дугаар анги болон Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцан алба хаагчидтай уулзлаа. Уулзалтын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Батболдод хугацааны өмнө хошууч цол олголоо. Мөн тус ангид ангид шуурхай албаны фургон автомашин, халдвар хамгааллын хувцас хэрэгслийг олгохоор шийдвэрлэлээ.
