16626 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд аймгийн Засаг дарга Д.Золжаргал вакцинжуулалтын талаарх иргэдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр,
"Өчигдөр цагдаа, эмнэлгийн хамтарсан мэргэжлийн баг 27000 тун вакцин нийслэлээс татан авчирснаар 5-р сарын 5-ны байдлаар манай аймаг 5 удаагийн татан авалтаар нийт 57740 хүн тун вакцины нөөцтэй болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 16626 иргэнээ вакцинд хамруулсан бөгөөд эхний тунд 13596 хүн, 2 дахь тунд 3030 хүн хамрагдсан байна.
Аймгийн хэмжээнд 24 цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж байна. 24 цэгийн хувьд 18 сум тус бүрт нэг, нэг суурин цэг, Эрдэнэбулган суманд 4 цэг, мөн явуулын цэгүүдээр дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэн хийж байна.
Эрдэнэбулган суманд
1-р сургууль дээр 3, 4-р багийн иргэд
2-р сургууль дээр 1, 2-р багийн иргэд
3-р сургууль дээр хүсэлт өгсөн албан байгууллагын ажилчид
5-р сургууль дээр 5, 7-р багийн иргэд вакцинд хамрагдахаар зохион байгуулалт хийн ажиллаж байгаа. Мөн иргэд оршин суугаа орон нутагтаа харьяалал харгалзахгүй вакцинд хамрагдаж болно” гэв.
Мөн сумдын дархлаажуулалтын цэгүүдэд эрсдэлт бүлгийн иргэд, 50-иас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ вакцинд хамруулах үйл явц өрнөж байна.
5-р сарын 8-наас эхлэн 18-аас дээш насныхан хамрагдана. Ахмадууд, зорилтот иргэдээ бүрэн хамруулж дууссаны дараа 18-49 насны иргэдийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Учир нь иргэдийн дунд бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн, шат дараатайгаар хамруулахаар ажиллаж байна гэлээ.
Архангай аймагт сүүлийн 24 цагт 628 шинжилгээ хийснээс шинээр 3 тохиолдол илэрчээ.
Үүнд: Эрдэнэбулган сумын ойрын хавьтлаас авсан шинжилгээнд батлагдсан байна.
Ингээд Архангай аймагт батлагдсан тохиолдлын тоо 308 боллоо. Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 178 тохиолдол
Хайрхан – 30 тохиолдол
Эрдэнэмандал – 59 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 5 тохиолдол
Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт хэвтэж байгаа 45, Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 38, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 3, Цэнхэр суманд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Тусгай эмнэлэг дэлгэн эмчилж байсан Хайрхан Чулуут сумын өвчтөнүүд бүгд бүрэн эдгэж, эмнэлэг бүрэн чөлөөлөгдсөн байгаа.
Сүүлийн 24 цагт бүрэн эдгэсэн 4 хүн, нийт эмнэлгээс гарсан 263 буюу нийт батлагдсан тохиолдлын 85,3 хувь нь бүрэн эдгэрээд байна.
Ойрын хавьтлын хүний тоо: 2242
Тусгаарлах байранд – 42
Гэрийн тусгаарлалтад – 635 иргэн байна.