Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Kyodo/.
Японы Гадаад хэргийн сайд Мотэги
Тошимицү, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар БНХАУ, БНАСАУ-тай
холбоотой асуудлуудын талаар хэлэлцэхээр өнөөдөр Лондон хотноо уулзжээ.
Тэд “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайдын нарын уулзалтын өмнө ийнхүү хоёр дахь удаагаа биечлэн уулзсан байна. Лондон хотноо гурван өдөр үргэлжлэх энэхүү уулзалтын хэлэлцэх сэдэвт БНХАУ, БНАСАУ-тай холбоотой асуудлууд голлох байр суурийг эзэлж байгаа бөгөөд хоёр орон энэ чиглэлд нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлэх төлөвтэй байна.
Япон, АНУ "чөлөөт, нээлттэй" Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоохыг эрмэлзэж байгаагаас гадна АНУ БНАСАУ-ыг чиглэсэн бодлогоо нягталсны дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд “бодит” хандлагыг баримтална гэдгээ мэдэгдээд байгаа юм. Өмнө нь М.Тошимицү, Э.Блинкен нар өнгөрсөн гуравдугаар сард Токио хотноо уулзсан билээ.