Аббас Палестины сонгуулийг хойшлуулснаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-30 12:15:58

КАИР. /TASS/. Палестины удирдагч Махмуд Аббас Зүүн Иерусалимын оршин суугчид сонгуульд оролцох боломжтой болох хүртэл Палестин дахь бүх нийтийн сонгуулийг хойшлуулснаа пүрэв гарагт мэдэгджээ.


Ийм шийдвэр гаргаснаа тэрбээр Рамаллад болсон Палестины фракцуудын уулзалтын дараа мэдэгдсэн гэж “Sky News Arabia” телевиз мэдээлсэн байна.


“Сонгууль Палестины бүх газар нутагт, түүний дотор Иерусалимд болох ёстой. Тиймээс тэнд санал өгөх баталгаатай болох хүртэл сонгуулийг хойшлуулна. Бид Палестин хоорондын хагарлыг зогсоох уулзалтуудыг үргэлжлүүлж, олон улсын бүх шийдвэрийг дагаж мөрдөх үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахаар ажиллана” гэж тэрбээр хэлжээ.


“Зүүн Иерусалим дахь сонгууль бол техникийн асуудал биш, нэн тэргүүнд тавигдах улс төрийн асуудал юм" гэж Аббас фракцуудын өмнөх уулзалтын үеэр мэдэгдэж байжээ. "Иордан голын Баруун эрэг, Газын зурвас, Зүүн Иерусалим дахь үндэсний эв нэгдлийг сэргээх ажил 2007 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд үүнд маш их хүчин чармайлт гаргасан. Парламент, ерөнхийлөгчийн сонгууль, мөн Үндэсний зөвлөлийн сонгууль явуулах талаар бүх фракц санал нэгдсэн, үүний тулд бид Истанбул, Каирт асар их ажил хийж, АНУ, ЕХ ч биднийг дэмжсэн" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Түүний хэлснээр, сонгууль явуулах хугацааг товлосны дараа Палестины эрх баригчид “Израилын хариуг гурван сарын турш хүлээсэн боловч пүрэв гарагт ЕХ-ны төлөөлөгчдөөр дамжуулан энэ асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Засгийн газар байхгүй тул Иерусалимын талаар хариу өгөх боломжгүй гэсэн хариуг хүлээн авсан байна". Үүнтэй холбогдуулан тэрбээр Израилын "түрэмгий үйлдлийг зогсоохын тулд" шахалт үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. Үүний зэрэгцээ Газын зурвасыг хянадаг ХАМАС хөдөлгөөнийхөн сонгуулийг цуцлах эсвэл хугацааг нь өөрчлөхийг эрс эсэргүүцнэ гэдгээ Аббасыг мэдэгдэл хийхээс өмнө мэдэгдсэн байна. 


Нэгдүгээр сарын 15-нд Махмуд Аббас хууль тогтоох байгууллага болон ерөнхийлөгчийн сонгууль, мөн Палестины Үндэсний зөвлөлийн сонгууль явуулах өдрийг товложээ. Түүний зарлигийн дагуу Палестины нутаг дэвсгэрт бүх нийтийн сонгуулийг гурван үе шаттай явуулах ёстой байв. Палестины Хууль тогтоох зөвлөл буюу нэг танхимтай парламентын сонгуулийг тавдугаар сарын 22-нд, ерөнхийлөгчийн сонгуулийг долоодугаар сарын 31-нд товложээ.


Ерөнхийлөгч болон Хууль тогтоох зөвлөлийн депутатуудынх нь бүрэн эрхийн хугацаа аль хэдийнээ дууссан боловч Палестинд 2006 оноос хойш сонгууль явагдаагүй байгаа юм.


相关新闻