“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг арилжааны банкуудаар олгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-г баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох ажил эхлээд байна.
Энэхүү “Ажлын байрыг дэмжих зээл” нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж. Зээлийг ХААН, Голомт, Хас, Худалдаа хөгжил, Төрийн банкаар дамжуулан олгож байна.
Тус ажил Сэлэнгэ аймагт энэ сарын 29-ний өдрийн байдлаар 8904.0 сая төгрөгийн 110 хүсэлтийг шийдвэрлэн олгожээ. Аймгийн хэмжээнд нийтдээ 102482.5 сая төгрөгийн 1000 зээлийн хүсэлт ирээд байгаа аж. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулан ажлын байрыг хадгалахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх. Мөн банкан дахь эргэлтийн хөрөнгийн зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор олгож байгаа аж. Тодруулбал, бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатайгаар олгож эхэлжээ.