Эко спортын клуб хүрээгээ тэлсээр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Дугуйтай
Сэлэнгэ” клубын тамирчид 2021 оны үйл ажиллагааны эхлэлээ үе шаттайгаар нээж
байгаа аж. Энэ удаа хүүхэд багачуудынхаа хавар цагийн нээлтийг хийж буй үетэй
таарч сурвалжиллаа.
Тус клуб 2019 оны 11-р сарын 20-нд байгуулагджээ. Үүнээс хойш нэг жилийн
хугацаанд чамгүй амжилт гаргасан байна. Тухайлбал анх таван гишүүнтэй эхэлж
байсан клуб өргөжин тэлж өнөөдөр 751 гишүүд дэмжигчидтэй болжээ. Клуб тамирчдаа
гурван хэсэгт хувааж хүүхэд, залуучууд, ахмад гэж ангилдаг гэнэ. Хүүхдийн
ангилалд 7-12-р ангийн хүүхдүүдийг сонгон авдаг бөгөөд 72 хүүхэд хичээллэж
байна. Харин ахмадын ангилалд 55-аас дээш насныхан хамрагддаг байна. Тус клубын
тамирчид богино хугацаанд маш үр бүтээлтэй, амжилт дүүрэн ажиллажээ. Эднийхэн
зөвхөн өөрийн улс, орон нутагтаа төдийгүй цар тахал гайгүй, улс орон амар
амгалан байсан үед хөрш ОХУ-ын Буриад улсад очиж хилийн чанад дахь
дугуйчидтайгаа хамтарсан үйл ажиллагаануудад оролцож байсан байна. 2019 оны ажлаа
дүгнэхэд улсын хэмжээнд сонирхогчдын дугуйн клубүүдээсээ шалгарч шинэ жилийн
баярт уригдан оролцож дугуйгаар шагнуулжээ. Мөн 2020 онд чамгүй амжилттай
ажилласны нэг илрэл нь “Дархан-88” тэмцээнд амжилттай оролцож, бүгд бариандаа
амжилттай сайн орж ирсэн. Мөн эднийхэн орон нутагтаа бас ойрын, дундын, холын
маш олон аялалуудыг хийсэн байна. Эко спорт гэгдэх дугуйн спортыг аймагтаа
хөгжүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж буй клубын үйл
ажиллагааг аймаг, сумын удирдлагууд маш их дэмжин сайшааж байгаад клубын хамт
олон ихэд урамшиж байгаа аж. Тухайлбал 12 дугуйчинг аймгийн Засаг даргын жуух
бичгээр, 5 дугуйчинг сумын Засаг даргын жуух бичгээр, шагнаж урам хайрлажээ.
Үүнийгээ бидэнд өгсөн маш том урам, дэмжлэг хэмээн тус клубын тэргүүн
М.Нямлхагва хэллээ. Хүмүүс
янз бүрийн шалтгаанаар унадаг дугуй унадаг. Тухайлбал спорт, эрүүл мэнд, хөдөлгөөний дутагдлаас салах,
түгжрэлээс зайлсхийх гэх мэт. Гэвч ихэнх нь эрүүл
мэнддээ анхаарч энэхүү эко спортыг сонгодог байна.
М.Нямлхагва:Бидэнд
хийх бүтээх урам зориг, тэмүүлэл маш их байна
Тус клубын тэргүүн М.Нямлхагватай уулзаж
ярилцлаа.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Танай клубын гишүүд
маш олон болжээ. Бас амжилт дүүрэн байгаа юм байна. Үйл ажиллагаанаасаа сонирхуулаач?
-Энэ өдрийн амар амгаланг айлтгая. “Дугуйтай Сэлэнгэ” клуб маань сая 3-р
сарын 13-нд хаврын нээлтийн үйл ажиллагаагаа эхэлж, 43-уулаа 40 км-т жийсэн.
Энд дандаа томчууд оролцсон. Бид энэ үеэрээ 2020 оныхоо үйл ажиллагааг дүгнэж,
хийсэн бүтээснээ цэгнэж, клубынхаа шилдгүүдийг шалгаруулсан. Мөн энэ 2021 ондоо
ямар ажил арга хэмжээ явуулах, юу хийх тухайгаа ч ярилцсан. Манай клуб энэ жил
3 өрөө сайхан байртай болж байгаа. Манай клубт 72 хүүхэд бүртгэлтэй явдаг.
Клубын үйл ажиллагааны төлөвлөгөөнд ирэх 4-р сард аймгийн аварга шалгаруулах
өсвөр насны хүүхдийн тэмцээн, 5 сард улсын аваргын тэмцээнүүд төлөвлөгдсөн
байгаа. Иймээс бид одоо үйл ажиллагагаа нээгээд хүүхдүүдээ бэлтгэх ажилдаа орж
байгаа юм. Өнөөдөр бид хүүхдүүдийнхээ хаврын нээлтийг хийж байна. Одоо бид энэ
ажлын хүрээнд Сэлэнгэ самбар, Ээж модны чиглэлд 30 км-т жийнэ.
-Та клубынхээ нийгмийн асуудалд нэлээд
анхаардаг бололтой. Харж байхад танай тамирчид их гоё жигд хувцастай, бас сайн
дугуйнуудтай байна. Энэ олон хүнийг хариуцан ажиллана гэдэг бас нэг талдаа их
том хариуцлага болов уу?
-Клубууд ерөнхийдөө хувцаслалтын болоод дугуй, дугуйчны аюулгүй байдлыг
сайтар ханган анхаарч ажилладаг. Энэ бол нэг номерийн анхаарах асуудал. Манай “Дугуйтай
Сэлэнгэ” клубын тамирчид хантаазаар жигдэрсэн. Энэ хантааз маань урдаа нэг,
хойноо хоёр цацруулагчтай. Шөнийн цагт явахад гэрэлтүүлнэ гэсэн үг. Мөн
хантаазны урд талд клубын лого, хойноо олон улсын болон аймаг орон нутгийн
чанартай тэмцээнд оролцоход аймаг, орон нутгаа сурталчилах зорилготой “Сэлэнгэ
аймаг” гэсэн бичигтэй. Бид гишүүдээ бүгдийг нь үнэмлэхжүүлсэн байгаа.
-Мэдээж дугуй бол техник. Иймээс эвдрэл
гэмтэл гарна. Аялалд гарахын өмнөх үйл ажиллагаа бэлтгэл бэлэн байдлыг хэр
анхаарч ажилладаг вэ?
-Манай клуб дотроо мэргэжлийн хоёр засварчинг ажиллуулдаг. “Мерида
монголия” төвийн сургалтанд суулгаж, мэргэжлийн засварчины үнэмлэхтэй болсон.
Бид тамирчдаа жийлт эхэлэхээс 30 минутын өмнө цуглуулж, бүх дугуйны аюулгүй байдлыг
шалгадаг. Энд хий, тормос гээд бүгдийг нь үзэж байгаад хөдөлдөг. Тэгэхээр
спортын клуб талаасаа манай “Дугуйтай Сэлэнгэ” клуб маш сайн ажиллаж байгаа гэж
бодож байгаа. Манай удирдах зөвлөлд мундаг сайхан залуус ажилладаг.
Тэргүүнээс гадна удирдах зөвлөлийн 7 гишүүн, нябо, нарийн бичиг,
зураглаач гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Эдгээр залуус маань их сайхан шинэ санаа, санаачлагуудыг гаргаж, эв нэгдэлтэй байдаг
болохоор бидний ажил үйлс өөдрөг, амжилт дүүрэн байдаг.
Н.Батсайхан:Дугуй
бол тэсвэр хатуужлын спорт
Дугуйн спортын тамирчид аялалд гарахын өмнө
бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангадаг байна. Энэхүү үйл ажиллагааг гардан
зохион байгуулдаг хүн бол клубын удирдах зөвлөлийн гишүүн Н.Батсайхан юм.
Тэрээр дугуй бол тэсвэр хатуужил. өөрийгөө ялах, дэлхий ертөнц дээр хамгийн зөв
амьдрах тээврийн хэрэгсэл. Тэр дундаа хүний хамгийн шилдэг нөхөр бол дугуй
хэмээн хэлсэн. Энэ бол яг энэ спортод зүрх сэтгэлээ зориулан зүтгэж буй хүний
амнаас л гарах үг. Ингээд түүнтэй хөөрөлдлөө.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүүхдүүдээ
аваад хаашаа аялах гэж байна. Аялагчдын аюулгүй байдал, энэ клубын бүхий л үйл
ажиллагаа тантай шууд холбоотой гэж сонслоо?
-Манай клуб байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд
бид Сүхбаатар сумандаа төдийгүй аймагтаа дугуйн спортыг хөгжүүлэх, дугуйн
хэрэглээ хүнд ямар их ач тустайг мэдрүүлэхээс гадна байгаль экологид, эдийн
засагт ч ямар их ач тустайг таниулахыг хичээж, энэ спортыг хөгжүүлэхээр зорьж
явна. Энэ ч утгаараа бид сэтгэл нэгдэн нэг зорилго дор хамтран энэ клубыг
байгуулсан. Бидний ажлын үр дүн маш сайн байгаа. Бид өөрсдөө ч дугуйгаа
жийгээд, аялалд явж байх үедээ маш их эрс тэс байдлуудыг даван гарч, түүнээсээ
суралцдаг. Энэ бол нүдэн дээр ил харагдаж байдаг үйлдлүүд. Манай клуб амралтын
өдрүүдээр ялангуяа цаг агаарын нөхцөл байдлын таатай үеэр өдрийн аялал хийдэг.
Ингэхдээ хүүхэд залуусаа нэг, дунд насныхнаа нэг, ахмадуудаа нэг болгож тус
тусд нь аялуулдаг. Өнөөдөр бид хүүхэд залуучуудтайгаа ойрхон ээж модны чиглэлд
аялах гэж байна. Энд 15 хүүхдийн бүрэлдхүүнтэй баг аялна. Бид хөдлөхийн өмнө
тоогоо гаргаад бүх хүүхдүүддээ замд яаж явах, чиглүүлэгч нь хэн байх, мөн
түгжигч нь хэн байх вэ гэдгээ сонгоод замынхаа нөхцөл байдалд тохируулан
аюулгүй байдлаа хангаж явдаг. Сая миний бие өнөөдрийн аялалын аюулгүй байдлын
зааварчилгаагаа өгч, тоогоо гаргалаа. Хөдлөхөд бэлэн болчлоо гэсэн үг. Мөн
машин замаар явж байгаа учраас машин техниктэй хэрхэн харьцах, дугуй өөрөө
тээврийн хэрэгсэл учраас замын хөдөлгөөнд хэрхэн оролцох гээд тухайн цаг үед нь
тогтмол зааварчилгаа өгдөг.
-Аялал ямар журмаар явдаг вэ?
-Аялал ардаа хоёр түгжигчтэй, урдаа нэг чиглүүлэгчтэй, дундаа нэг
түгжигчтэйгээр хүүхдүүдээ бид хамгаалж явдаг. Аялалын цувааг хүүхдүүдээ сайн
жийдэг, дунд зэрэг, шинэ суралцагч гэдгээр нь ялгаад таслаад таслаад явуулдаг.
Бидний спорт маш сонирхолтой. Иймээс бидэндтэй нэгдээрэй, хамтарч чөлөөт цагаа
хөгжилтэй өнгөрүүлээрэй, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй гэж ард
иргэдээ уриалья.
Г.Хэнчбиш:Энэ
бүх амжилтууд бидний хамтын зүтгэл
Дугуйтай Сэлэнгэ” клубын зураглаач, удирдах зөвлөлийн гишүүн Г.Хэнчбиш:Би “Дугуйтай Сэлэнгэ” клубт ороод нэг жил болж байна. Энэ клубынхээ удирдах зөвлөлд зураглаачийн үүрэг гүйцэтгэдэг. Уул нь би анх волейболын дугуйланд суралцдаг байв. Манай клубын ахлагч Нямка эгчийн хүү намайг энэ клубт урьсан юм. Тэгээд ирж үзээд их гоё санагдаад орохоор шийдсэн. Эхэн үедээ жийхэд их хэцүү байсан. Сураад ирэхээр маш гоё. Манайх 120 км-т хамгийн холын аялал хийж байсан. Одоо ойрын жийлт хийж байна. Хүүхэд залуучууддаа хандаж уриалахад өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө эко спортоор хичээллэж, өөртөө хөрөнгө оруулах үйлсэд нэгдээрэй гэж хэлье. Хүн ер нь өөрийнхөө бие бялдар, эрүүл мэндийнхээ төлөө өөрсдөө хичээгээд дугуй унаарай гэж хүсье. Өвөлжингөө би дугуйгаа унасан. Бид 10 км зам туулахдаа 5 км-т амраад усаа уугаад цааш жийдэг. Жийж явахад калор шатаагаад явж байгаа болохоор их хүч зарцуулдаг. Аялалд явж байхдаа зөвхөн жийлтдээ анхаардаг. Манайхан ногоон зээлд хамрагдаж жайнт, мерида, куба зэрэг брэндийн дугуйнуудтай болсон. Миний хувьд клуб дотроо клубээ хөгжүүлж, том том тэмцээнд оролцохыг хүсдэг. Дугуйн спортоор хичээллээд удаагүй ч чамгүй амжилттай явж байгаа. Бид “Дархан-88” тэмцээнд багаараа амжилттай оролцсон. Миний хувьд Сүхбаатар сумын Засаг даргын “жуух бичиг”ээр шагнуулсан. 2020 оны клубынхээ шилдэг тамирчин болсон. Энэ бүх амжилтууд бидний хамтын зүтгэл, надад өгч буй урам, дэмжлэг юм.
Аймгийн аварга тамирчин С.Амин-Эрдэнэ:Би өөрөө дугуйн спортоор дэлхийн номер нэг тамирчин болно гэж боддог
-Би Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 1-р сургуулийн 7-р ангид сурдаг.
Дугуйн спорт амьсгал уужруулж, сэтгэл сэргээдэг их гоё. Гэртээ сууж байхаар
гадаа гараад дуйгуйгаа жийхээр их гоё тайвширдаг. Дугуй жийхээс өмнө хөлийн
сунгалтын дасгал сайн хийх хэрэгтэй. Би өглөө босоод байнга сунгалт хийж
байгаад дугуйгаа жийдэг. Хашаагаа нэг тойроод ирэхэд дасгал болно. Аюулгүй
байдлаасаа тэр. Миний хувьд холын жийлт их гоё хөгжилтэй, зугаатай санагддаг.
Иймээс би холын жийлтэд дуртай. Хөгжилтэй адал явдал дүүрэн байдаг. Зарим үед
хүүхдүүд дугуйгаа жийж яваад замдаа унах тохиолдол гардаг ш дээ. Нэг удаа бид
жийгээд явж байсан чинь манай нэг ах дугуйтайгаа унасан чинь “манай Мөнхжин ах
“хүүе миний цүнх гээд” бид их инээсэн. Ер нь дугуй жийгээд явж байхад
ерөнхийдөө дугуйнаас их шалтгаалдаг юм билээ. Би эхэндээ нэг сонин хятад
дугуйтай байсан. Тэр үед хөлд эвгүй, хэцүү байдаг байлаа. Тэгээд ээждээ хэлээд
ногоон зээлээр жакийн гоё дугуйтай болсон. Би аймгийн аварга шалгаруулах
тэмцээнд оролцоод өөрийнхөө насанд түрүүлж алтан медаль авсан. Тэмцээнд оролцох
үед хажууд олон хүүхдүүд уралдаад, эргэж мэргэх гэхээр хүүхдүүд зам хаагаад их
хэцүү, аймаар их элстэй замаар явж уралдсан. Их тэсвэр тэвчээр шаарддаг. Хол
жийхэд хөл өвддөг л дөө. Тэгэхдээ байнга хичэээллээд байвал дасаад зүгээр
болдог. Би өөрөө дугуйн спортоор дэлхийн номер нэг тамирчин болно гэж боддог.
Өмнөө их том зорилготой. Намайг миний аав, ээж 2 их дэмждэг. Манай клубт их
олон хүүхэд бий. Өнөөдөр цөөхөн хүүхэд ирсэн байна. Бусад нь залхуураад ирээгүй
бололтой. Найзуудаа битгий залхуураарай, клубтээ ирээрэй. Жийгээрэй. Эрүүл
мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй гэж уриалмаар байна. Эрч хүчтэй байгаарай.
Манай ахлагч ёстой их мундаг. Надад анх чаддаггүй байхад зааж сургасанд их
баярлаж байгаа. Их дайчин эгч байдаг. Дугуйн спортод ороод олон шинэ найзуудтай
болсон. Гоё ш дээ.
Ц.Энэрэл:Дугуйн
спортоор хичээллээрэй, их сонирхолтой, хөгжилтэй байдаг шүү
Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 1-р
сургуулийн 7б ангийн сурагч Ц.Энэрэл:Би 13 настай, анхлан
суралцагч. Энэ клубт ороод жил л болох гэж байна. Өнгөрсөн хавар манай сургууль
дээр бүртгэл явж байхад таараад бүртгүүлсэн. Дугуйн спорт нь хүний бие эрүүл
мэндэд маш сайн, бие хөгждөг. Бас их гоё сонирхолтой. Ийм болохоор би хичээллэж
эхэлсэн. Энэ спортоор хичээллэж байхад заримдаа бэрхшээлтэй байдаг ч би түүнийг
бэрхшээл гэж үздэггүй. Холын жийлт адал явдлаар дүүрэн байдаг. Би дугуйгаа
худалдааны төвөөс худалдаж авсан. Манай өвөө дугуйг маань янзалж өгдөг. Өөрөө
бас арчиж цэвэрлэдэг. Манай клубт эмэгтэй хүүхдүүд олон бий. Би 2020 оны
өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Үеийн найзууддаа
хандаж, дугуйн спортоор хичээллээрэй, их сонирхолтой, хөгжилтэй байдаг шүү гэж
хэлье.
Эрүүл мэндэд нэн чухал, байгаль дэлхийд
ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй гэдгээрээ онцлогтой энэхүү спортоор
хичээллэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. “Дугуйтай Сэлэнгэ” клубын үйл
ажиллагаа улам өргөжин тэлж, эко спортын ач тусыг олон түмэндээ өөрсдийн бодит
хөдөлмөрөөр харуулсаар явна.







