Халдварт саагийн эсрэг дархлаажуулалт 76.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-19 14:35:52

 

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Халдварт саагийн эсрэг тарьдаг вакцин”-д 2016 оны 2-р сарын 1-нээс 2018 оны 10-р сарын 30-ны хооронд төрсөн хүүхэд бүр заавал хамрагдах ёстой аж. Учир нь энэ хугацаанд төрсөн хүүхдүүд 2 дугаар хэв шинжийн полиовирусийн эсрэг дархлаагүй байгаа аж. Иймээс шилжилтийн буюу дээрх хугацаанд төрсөн хүүхдүүдийг 2 дугаар хэв шинжийн полиовирусийн эсрэг дархлаатай болгохын тулд орон даяар халдварт саагийн эсрэг тарьдаг вакцинаар дархлаажуулж эхэлжээ.  

Сэлэнгэ аймагт дархлаажуулалтын хамралт энэ сарын 9-ний өдрийн байдлаар 76.4 хувьтай байна. Шилжилтийн үед төрсөн хүүхдүүдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусгахын тулд 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн 3 өдрийн хугацаанд Сүхбаатар сумын 1, 2, 3, 4, 5, 7, УБТЗ-ын “Бүжинхэн”, аймгийн Сувиллын ясли зэрэг нийт найман цэцэрлэгийн 350 гаруй хүүхэд бүрэн хамрагдсан байна.

Энэхүү “Халдварт саагийн эсрэг гурван цэнт идэвхгүйжүүлсэн вакцин”-ы дархлаажуулалтад хамрагдаж амжаагүй хүүхдүүд харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр энэ сарын 31-нийг дуустал бүрэн хамрагдахыг анхаарууллаа. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх эл ажилд аймгийн ЭМГ-ын халдварт өвчин, дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэдолгион, аймгийн БСГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Т.Намираа нар Сүхбаатар сумын СӨБ-ын байгууллагуудад ажиллаж судалгаанд тулгалт хийжээ. 

相关新闻