Төгсөгчдийг үнэ төлбөргүй ЭЕШ-д бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-19 10:34:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар “Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын нэгдэл” ТББ албан ёсоор энэ сарын 6-ны өдөр үүдээ нээсэн байна. Тус байгууллага нь цахимд суурилсан байгалийн болон бусад шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн чанартай сургалтыг сурагчдад олгох. Цаашлаад  багш нарын чадавхыг нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой аж.

Мөн энэ хамт олон "Elab" буюу Education laboratory төслийг хэрэгжүүлж боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох юм. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ЭЕШ-д бэлтгэх, Орон нутгийн болон улсын чанартай олимпиадад бэлтгэх, гадаадад тэтгэлгээр суралцахыг хүсэгчдэд цахим хичээл заах аж.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам нь өөрийн санаачилсан энэхүү төслөөрөө дамжуулан Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг үнэ төлбөргүй ЭЕШ-д бэлтгэнэ хэмээлээ. Мөн энэ ажлын хүрээнд анги хамт олноо амжилттай удирдаж ЭЕШ-ын оноогоороо тэргүүлсэн шилдэг 6 багшид зөөврийн компьютер. Мөн ЭЕШ-ын хичээлүүдийн дундаж оноогоор аймагтаа тэргүүлсэн 6 сурагч тус бүрт нэг сая төгрөгийн сургалтын тэтгэлгийг “Чинбатын Ундрам хөгжлийн сан”-гаас олгохоор болжээ.

Уг байгууллага нь Монгол Улсын гавъяат багш, физикийн багш нарын “Бозон” холбооны тэргүүн Н.Алтангэрэл, Монгол Улсын гавъяат багш,  Монголын химийн олимпиадын хорооны дарга асан С.Дондог, Монгол Улсын гавъяат багш Монголын математикийн олимпиадын хорооны дарга асан Т.Дандар, Монгол Улсын гавъяат багш Р.Бавуудорж, Г.Баасанжав, Ц.Адилбиш, С.Мэнджаргал, Монгол Улсын зөвлөх багш Д.Туул, А.Сандаг-Очир, Д.Батхишиг, АШУҮИС-ийн профессор Н.Даваасүрэн,  ХААИС-ийн зөвлөх профессор Х.Хүрэлтогоо, МУИС-ийн ХШУ-ны докторант Д.Энхжаргал, Үндэсний сургагч багш С.Нямсүрэн, Улсын олимпиадын 5 удаагийн аварга Б.Баяржаргал, Д.Ганбилэг нарын шилдэг багш нараар багаа бүрдүүлжээ. 

相关新闻