“Монгол Улсын зэвсэгт хүчин - 100” гар зургийн уралдааны шилдгүүд шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Монгол Улсын Зэвсэгт хүчин - 100” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо. Энэхүү уралдааныг Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас дөрвөн насны ангилалд зохион байгуулжээ.
Уралдааны бага ангийн төрөлд Мандал сумын ЕБ-ын 3-р сургуулийн 5в ангийн сурагч Б.Мөнхзаяа тэргүүлсэн байна. Харин дунд ангийн төрөлд 1-р байрыг Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн 8б ангийн сурагч Д.Нандин-Эрдэнэ, ахлах ангийн төрөлд Сүхбаатар сумын ЕБ-ын 6-р сургуулийн 10а ангийн сурагч М.Болор-Эрдэнэ нар тус тус эзэлсэн байна.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны ангилалд Шаамар сумын МСҮТ-ийн I курсийн оюутан Н.Бямбадалай тэргүүн байр эзэлжээ. Уралдааны ангилал тус бүрээс 10 зургийг шалгаруулан 2-р шатны шалгаруултад оруулахаар Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлсэн байна.
Энэхүү шалгаруулалтаас Сэлэнгэ аймгийн бүтээлүүд шагналт болон тусгай байруудад шалгарчээ. Тухайлбал ахлах ангийн төрөлд тусгай байрт Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургуулийн 12б ангийн сурагч Х.Номин-Эрдэнэ, оюутны төрөлд Шаамар сумын МСҮТ-ийн I курсийн оюутан Н.Бямбадалай 3 дугаар байр, МСҮТ-ийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны төрөлд тусгай байрыг Сүхбаатар сумын харъяат ШУТИС-ийн БАС I курсийн оюутан Б.Отгонбаяр нар эзэлжээ.












