Онцгой байдлын газар сургалтын шинэ танхимуудтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийг түшиглэн сургалтын танхимуудыг шинээр байгуулжээ.
Тодруулбал сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан "Аврагч мазаалай" сургалтын танхимыг байгуулсан байна. Энэ танхимаар дамжуулан болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг олгох аж. Мөн айл өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой "Аюулгүй өрх" сургалт арга зүйн танхимыг нээжээ. Үүгээр дамжуулан иргэдэд мэдлэг түгээх гэнэ. Түүнчлэн иргэдэд зориулсан "Галын аюулгүй байдал" сургалтын танхим байгуулсан байна. Энэхүү танхимаар объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгох аж. Танхимуудыг бүтээн байгуулахад Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын “Сэлэнгэ Орон нутгийн хөтөлбөр" дэмжлэг үзүүлсэн байна. Эдгээр танхимуудын үйл ажиллагаатай холбоотой ажлын уулзалтыг өнгөрсөн пүрэв гарагт зохион байгуулжээ. Уулзалтад Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын “Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөр"-ийн Хөгжлийн чиглүүлэгч А.Хоролсүрэн оролцжээ.