Шар усны үерийн улмаас олон айл эрсдэлд орж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-03-12 22:56:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баасансүрэнгээр ахлуулсан шуурхай ажлын баг Хөвсгөл аймагт өнөөдөр ажиллалаа.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссын 10-р хуралдаан болж, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ажлын багт танилцууллаа. Аймгийн Онцгой комиссын дэд дарга М.Хуягбаатар Рэнчинлхүмбэ суманд үүссэн шар усны үер цаг агаар дулаарч байгаагийн улмаас тэлж, цаашид олон өрх эрсдэлд орох аюултай байна. Мөн газар хөдлөлтийн улмаас Ханх сумын цэцэрлэг, сургуулийн барилгад ан цав гарч цууралт үүссэн. Хүн эмнэлэг нь маш хүйтэн учраас эмчилгээ хийх боломжгүй хүнд байдалд байна. Эдгээр асуудлуудыг улсын Онцгой комисст уламжилж яаралтай шийдвэрлүүлж өгөхийг хүслээ.


ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баасансүрэн “Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Улсын Онцгой комисст хүсэлтийг хүргүүлнэ. Хөвсгөл аймагт сүүлийн үед олон удаагийн давтамжтай газар хөдлөлт болж байна. Цаашид төрийн байгууллага нь өөрсдөөсөө эхлээд бэлтгэл бэлэн байдлыг хангах хэрэгтэй. Ямар нэгэн гамшиг болсон үед
  иргэн бүр, мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Иймээс иргэдээ чадваржуул, шаардлагатай үеийн нөөцийг бэлд” гэдгийг анхааруулав.

相关新闻