Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 590 хүн бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 590 хүн бүртгүүлсэн байна. Шалгалтыг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулна. Шалгалтад орох иргэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж амны хаалт, бээлий, улавч, малгай зэргийг өмсөнө. Нэг танхимд хоорондын зайг баримтлан 50 хүнтэй өдөрт 4 удаа шалгалт авах гэнэ. Шалгалтыг ил тод нээлттэй байх зорилтын хүрээнд тусгай дэлгэцийг танхимд байршуулна. Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран шалгалтад орох иргэдийн хурууны хээг уншуулан шалгалтад оруулна гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч, БОАЖГ-ын дарга Г.Энхбаяр хэлж байлаа. Тус шалгалт нь төрийн албанд анх орж буй иргэдийн нөөцийг бүрдүүлж байгаа бөгөөд төрийн албанд ажиллах иргэдийн нөөцийн жагсаалтаар хязгаарлагдахгүй хувийн хэвшлийнхэн мөн ажил олгохдоо уг нөөцөөс авах хүсэлт өгөх зэргээр улам өргөжиж байгаа ач холбогдолтой ажээ.