Япон тамирчдаас шинжилгээ авах давтамжийг нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО.
/Nikkan Sports/. Токиогийн зуны олимпын наадмыг зохион байгуулагчид тамирчдын коронавирусний
шинжилгээнд хамрагдах давтамжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ тухай Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко мэдэгджээ.
Олон улсын олимпын хорооны тэмцээн зохион байгуулах дүрэм журамд дурдсанаар,
тамирчид дөрвөн хоног тутамд нэгээс багагүй удаа шинжилгээ өгөх ёстой аж.
“Бид шинжилгээ өгөх давтамжийг
нэмэгдүүлэх хэрэгтэй. Юу ч хийхгүй байх нь гарц биш. Бид шаардлагатай бүхий л
арга хэмжээнүүдийг авч, тэмцээнийг явуулахыг зорьж байна” хэмээн Хашимото ярьжээ.
Дүрэм журамд тусгаснаар, “PCR” шинжилгээ авах давтамж нь спортын төрөл, тэмцээний
хуваариас шалтгаалах аж. Шинжилгээг олимп болон паралимпын тосгоны нутаг
дэвсгэрт байрлаж буй тусгай лабораторид явуулна. Энэхүү байгууламжийн
гадна байрлаж буй тамирчдад шинжилгээ өгөхөд нь зориулж тусгай тээврийн
хэрэгслийг гаргаж өгөх аж. Шинжилгээний хариуг ухаалаг гар утасны хавсралтаар
харах боломжтой.
Харин тамирчдаас халварт өвчин илрэх үед түүнтэй ойр харилцаатай байсан хүмүүсийг
хянах зорилгоор өөр нэгэн тусгай хавсралтыг ашиглах юм байна. Тус хавсралт нь
Японд өнгөрсөн оны зунаас хойш ашиглагдаж байгаа бөгөөд олимпын наадамд ирэх
хүмүүс заавал суулгах ёстой юм.