Улаан бүсээс ирж буй иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-09 16:24:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссоос гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хандаж анхааруулга хүргүүлж байна. Тодруулбал гэрийн ажиглалтад буй хүмүүс иргэний үүргээ ухамсарлан тусгаарлалтын дэглэмээ чанд сахих. Цаашлаад багийн Засаг дарга болон холбогдох бусад албан хаагчдад үнэн зөв мэдээлэл өгөхийг онцгойлон анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс УОК-ын 20 дугаар тушаалыг үндэслэн улаан бүсээс ирсэн иргэдийг 7 хоног гэр бүлийн гишүүдийн хамт гэрийн ажиглалтад байлгахаар шийдвэрлэсэн. Мөн тус аймагт голомтот бүсээс ирж буй иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх шаардлага тавьж байгаа. Сэлэнгэ аймгийн тухайд улаан бүсээс ирж буй иргэдийг аймгийн төв рүү нэвтрэх “Шаамар 6 постод түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж байна. Гэсэн хэдий ч ойрын өдрүүдэд бусад аймаг, сумдад сэжигтэй тохиолдол гарч байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг сонор сэрэмжээ алдалгүй халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг сумын Онцгой комиссоос анхаарууллаа.

 

相关新闻