Усжуулалтын сувагт 3 настай хүүхэд унаж энджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөр урсдаг усжуулалтын сувагт бага насны хүүхэд унаж эндсэн хэрэг гарлаа.
Уг дуудлагыг аймгийн Онцгой байдлын газраас 5 сарын 9-ний өдрийн 17 цагийн орчимд хүлээн авч, таван албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ба эрэгтэй хүүхэд унаж нас барсан байсныг гарган цогцсыг сум дундын Цагдаагийн хэсэг, Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгчээ.
Хархорины тариалалтын талбайг услах зориулалтаар энэ сувгийг 1960-аад оны үед 20 гаруй км-ийн урттайгаар байгуулж байсан ба Орхон голоос эх татсан учир усны гүн 1 метрээс дээш байдаг аж. Хэрэг гарах өдөр бага насын хоёр хүүхэд сувгийн эрэг дээр тоглож байгаад нэг нь нөгөөгийнхөө оймсыг ус руу шидсэний улмаас А хэмээх 3 настай эрэгтэй хүүхэд оймсныхоо араас гүйж яваад эндсэн байна.
Энэ суваг Хархорин сумын төвд урсдаг учир хүүхдүүд төдийгүй насанд хүрсэн хүмүүс ч унаж нас барах тохиолдол жил бүр гардаг ба лав 5-6 хүн живсэн гэдгийг нутгийнхан хэлж байв.
Дээрх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Бэхбаяраас тодруулахад “Аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Аврах, гал унтраах 45 дугаар ангиас иргэдэд байнга санамж, сэрэмжлүүлгийг өгдөг ч иргэдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан хүн унаж нас барах явдал гарсаар байдаг” гэсэн юм.
Энэ өдрүүдэд Өвөрхангай аймгийн хэмжээнд бороо ус ихтэй байгаа ч Орхон, Онги голын усны хэмжээ төдийлөн нэмэгдээгүй байна.
Өвөрхангай Б.Батчимэг